Манай улсад инфляцийн түвшин 10 хувьтай байна

Нийгэм

Инфляцийн түвшин нэмэгдсэн болохыг энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр хөндлөө. Төв банкны төсөөлөл инфляцийг 8 хувьд барих бодлого баримталж байгаа ч улс орны эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр ложистик зэрэг олон шалтгааны улмаас хоёр хувиар даваад байгааг тайлбарлаж байна. 

Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд инфляци 10 хувьтай байна. Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс хоёр хувиар давсан үзүүлэлт болохыг Төв банкны зүгээс хэлж байна.

Инфляци үүссэн шалтгааныг ч тэд мөн тайлбарлалаа. 10 хувийн инфляцийн дотор хүнсний болон хүнсний бус гэж хоёр бүлэглэхэд хүнснийх нь 19.1 хувь, хүнсний бус инфляци нь 6.6 хувьтай байна. Үүнийг дундажлахад 10 хувьтай байна.

Хүнсний бус инфляци дотроо хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь шатахуун. Нийт 10 хувийн инфляци дотор дангаараа хоёр нэгж хувийг эзэлж байна.

Инфляци нийлүүлэлтийн шинжтэй буюу тээвэрлэлтээс шалтгаалж байгаа учраас мөнгөний бодлогоор хариу арга хэмжээ авахад түвэгтэй байна гэдгийг монголбанкны зүгээс мэдэгдлээ. 

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 3.5 хувиар өснө хэмээн тооцоолсон байна.

Өнгөрсөн оны 6 дугаар сард танилцуулж байсан төсөөллөө 2.4 нэгж хувиар бууруулаад байгаа юм. Үүнд, инфляцийн түвшин нэмэгдэж, эдийн засагт нэлээд дарамт учруулж байгааг тайландаа тодотгожээ. Мөн коронавируст халдварын шинэ хувилбарууд болон гадаад өр зэрэг эрсдлийг тооцон нэрлэсэн байна. Манай улсын эдийн засаг 2022 онд 2.1 хувь, 2023 онд 6.2 хувиар өснө гэсэн тооцооллыг гаргажээ.