Халуун сэдэв

Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн.  Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжсэн юм. Тэгвэл өнөөдөр Хуульзүйн байнгын хороо түдгэлзүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Энэ талаар улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэхгүй шалгах нь мөрдөх ажиллагаанд эрсдэлтэй байдаг гэж байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хэд хэдэн шалтгааныг Улсын ерөнхий прокурор танилцуулсан. Тухайлбал, төрийн ордонд зуурдаар нас барсан Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн үү зэрэг асуудлыг хөндөж байгаа. Гэхдээ түүнийг гэм буруутай гэж үзээгүй гэлээ. Харин түүнийг тойрсон хардлага сэрдлэг их байгаа тул яллах, цагаатгах асуудалд нотлох баримт цуглуулах үүднээс бүрэн эрхийг нь хөндөж байгаагаа хэллээ.

Прокуророос гаргасан саналын дагуу УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэх шийдвэрийг гаргасан. Харин уг асуудлаар Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Үүний дараа төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай хуралдаж гишүүдийн олонхи нь мөн л Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Харин прокурорын зүгээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй тохиолдолд дараах хүндрэлүүд гарна гэлээ.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Харин Н.Номтойбаяр гишүүний тухайд ямар нэг буруу зүйл хийгээгүй тул бүрэн эрхээсээ түдгэлзэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.