Франц Улс Бенинд түүхэн өв соёл, урлагийн эд зүйлсийг нь хүлээлгэн өглөө

Үйл явдал

Франц улс Баруун Африкийн Бенин улсад колоничлолын цаг үед алдагдсан энэ улсын урлаг соёлын өмчийг буцаан өгч, түүхэн нутагт нь хүргэжээ. 

19-р зууны Франц-Дагомейн дайны он жилүүдэд, одоогоос 130-аад жилийн өмнө Абомейн хааны ордноос Франц улс руу зөөвөрлөгдсөн 26 урлагийн бүтээлийг Бенин улсад буцаан өгсөн юм.  

Бенин улсын хууль ёсны өмч болох нэр бүхий 26 урлагийн бүтээлийг буцаан өгөх үйл ажиллагаа өнгөрсөн сарын 27-нд Францын нийслэл Парис хотын дор байрлах Бранли дахь Угсаатны музейд болсон юм.

Энэхүү ажиллагаанд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон оролцсон байна. Бенины түүх соёлын хэсэг болох эдгээр урлаг соёлын эд зүйлсийг 1892 онд Францын генерал Альфред Доддс Бенин улсаас зөөвөрлөн эх орондоо аваачжээ.

Францын шүүхээс Бенин болон Сенегал улсуудаас колоничлолыг цаг үед зөөвөрлөн гаргасан эртний түүх соёлын эд өлгийн зүйлсийг хууль ёсны эзэмшигчдад нь буцаах шийдвэр гаргасан юм. Урлаг судлаачдын үзэж байгаагаар Африк тивийн улс орнуудын түүх, урлаг соёлын эд өлгийн зүйлсийн бараг 90-ээд хувь нь гадагшаа зөөвөрлөгдсөн гэж тооцдог байна.

Бенин улсаас гадна Сенегал, Эфиопи, Чад, Мали, Мадагаскар, Кот-д’Ивуар зэрэг 6 улс орон гадагшаа алдагдсан эд өлгийн зүйлсээ буцаан авах хүсэлт гаргаад байгаа юм.