Беларусь Улс ЕХ-ны орнууд руу хий нийлүүлэлтээ зогсоохоор сүрдүүлжээ

Улс төр

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко гадны цагаач дүрвэгсдийн асуудлаас шалтгаалан ЕХ-ноос улсынх нь эсрэг тавьсан хориг арга хэмжээний хариуд Европын улс орнууд руу транзитаар гаргадаг Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоохоор сүрдүүлжээ. 

Беларусийн нутгаар “Ямал-Европ” чиглэлийн байгалий хий дамжуулах хоолой дайрч өнгөрдөг байна. 

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко ийнхүү мэдэгдэхээсээ өмнө Оросын талтай хэлэлцэн зөвшилцжээ. Беларусийн тал Холбооны улс орны хилийн аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэхийг хүссэний дагуу Москва Минскийн агаарын орон зайдэргүүлийн нислэг үйлдэж эхэлсэн юм.

Түүнчлэн ЕХ-ны зүгээс хориг тавьсныг эсэргүүцэн, хэрвээ хилээ хаавал Оросын талаас зөвшөөрөл авсны дагуу “Ямал-Европ” чиглэлийн байгалийн хий дамжуулах хоолойгоор дамжуулах хийн хэмжээг бууруулах, хаах хүртэл арга хэмжээ авахаа Минск үгүйсгээгүй байна. Одоогоор Оросын талаас Лукашенкогийн хийсэн мэдэгдэлд ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Ямартаа ч Минск Европын орнуудыг байгалийн хийгүй үлдээхээр сүрдүүлсэн ч Москвагийн зөвшөөрөлгүйгээр ийм алхам хийж чадахгүй нь тодорхой юм.