Халуун сэдэв

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж, Интерполоор хайж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ энэ асуудалд өөр байр суурь илэрхийлж байна. Тэрээр  Ерөнхий сайд асаныг оргон зугтаагүй, тун удахгүй уг хэргийн талаар мэдээлэл өгнө гэж байна.  Шүүхээр хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад буруутай гэж үзэх нь хууль бус гэж тэрээр мэдэгдлээ.  

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр гадагш зорчсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн. Мөн түүнд холбогдуулан шалгаж байгаа хэргээс үүдэж оргон зайлсан гэсэн мэдээлэл ч цахим сүлжээнд гарах болсон. Энэ асуудалтай холбоотойгоор АН-ын даргаас тодруулга авлаа. Тэрээр  Ч.Сайханбилэгтэй холбоо барьж мэдээлэл аваагүй байгаа. Гэхдээ түүнийг сайн мэднэ. Ийм ёс зүйгүй үйлдэл гаргах хүн биш гэсэн юм.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн. Тэрээр гүтгэлэг бүхэн хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ. Өмгөөлөгчөөрөө дамжуулан тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байна. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү гэсэн юм. Удахгүй тэрээр эх орондоо ирж албан ёсоор тайлбар өгнө гэсэн юм.