Халуун сэдэв

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 14-нд болсон юм. Н. Золжаргалд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн маш нууцын зэрэглэлд хамааруулж, хаалттай хэлэлцэж байгаа юм.

Энэ нь түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээн үзэж байгаатай холбоотой гэдгийг зарим эх сурвалжууд үзэж байгаа юм. Өнөөдөр товлогдсон байсан шүүх хурал өглөө 10 цагт цагтаа эхэлсэн ч хэргийг дахин хойшлуулж ирэх сарын буюу 12 дугаар сарын 16-ны өдөр дахин хэлэлцэхээр боллоо. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлсэн. Түүний гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбай бүхий байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж эхэлсэн билээ.