Талибаны бүлэглэл эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлах уу?

Улс төр

Афганистаны засгийн эрхийг авах нь тодорхой болоод байгаа талибаны бүлэглэлд олон улсын зүгээс тавигдаж байгаа хамгийн гол шаардлагуудын нэг нь эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлахгүй байхыг, тэдний сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг боомилохгүй, хориглохгүй байх явдал юм. Тэгвэл талибаны бүлэглэл улс орондоо шариатын хуулийг дагаж мөрдөхдөө эмэгтэйчүүдийн эрхийг хангах тал дээр анхаарч, урьдынхаас илүү уян хатан байх болно гэдгээ мэдэгджээ.

Кабулд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Талибаны албаны төлөөлөгч Забихулла Мужахид: -Шинээр байгуулах засгийн газар ямар хуулийг нэн тэргүүнд гаргаж, мөрдөхийг шийднэ. Тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх, тэдний нийгэмд эзлэх байр суурь, олон нийтийн оролцоо зэргийг цаашид хэрхэн зохион байгуулах, хэрхэн зохицуулах асуудлыг талибанчууд шийднэ. Мөн түүнчлэн бид улс орноо эдийн засгийн хөгжилд хүргэх, дэд бүтцээ сэргээн босгох, хөрш улс орнуудтай хамтын ажиллагаагаа тэлэх, сайжруулах зэрэг олон талт бодлого боловсруулан ажиллах болно гэжээ.

Талибаны бүлэглэл эмэгтэйчүүдийн эрхийг шариатын хуулийн дагуу тогтоохоо мэдэгдэж байгаа ч талибанчууд 1996-2001 оны хооронд засгийн эрхийг барьж байх үеийнхээс өөр байх болно гэдгийг тэмдэглэсэн байна. Талибанчууд охид эмэгтэйчүүдэд их сургуулийн өмнөх түвшин хүртэлх боловсрол мэдлэг олж авахыг зөвшөөрч, бие болон нүүрийг бүрэн халхалдаг чадра өмсөхийг албадахгүй ч “хувийн аюулгүй байдлын үүднээс” хижаб буюу нөмрөг зайлшгүй өмсөхийг шаардах болно гэдгээ ойлгуулжээ.