Халуун сэдэв

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан гурван иргэнд ял оноогоод хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Харин тэднийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлсэн гэж олон улсын парламентын холбоо үзжээ. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллан, тэдэнд нөхөн төлбөр олгох ёстойг гэж үзсэн байна. Энэ хэргийг дахин нягтлах Улсын их хурлын ажлын хэсгийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийж олон улсын шинжээчдийн багтай санал нэг байгаагаа илэрхийллээ.

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Т.Чимгээ, Б. Содномдаржаа нарыг хүчээр эрүүдэн шүүж, хүний эрхийг ноцтой зөрчин хэрэг хүлээлгэсэн гэж олон улсын парламентын холбоо дүгнэлт гаргажээ. Тус дүгнэлтийг хэргийн шүүх ажиллагаанд хяналт тавих түр хорооны гишүүд танилцууллаа.

Тиймээс шударга бусаар шүүгдсэн Содномдаржаа, Чимгээ нарыг нэн даруй суллаж нөхөн төлбөр өгөх шаардлагатай гэж олон улсын парламентын түр хороо үзсэн байна. Хоригдож байгаа хүмүүсийг эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоон шийдвэрлэх анхан шатны шүүх хурлаас хэргийг дахин нягтлах шаардлагатай гэх шийдвэр гаргасан. Гэвч энэ нь хэрэг үйлдсэн этгээдүүд хөөн хэлэлцэх хугацааг дуусгах үүднээс цаг хожих хууль бус хуйвалдаан явуулж байгааг түр хорооны гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж онцоллоо. Мөн уг хэргийг будилуулсан Дээд шүүхийн шүүгчээс эхлээд бүгд албан тушаал дээрээ байгаа тул яргалсан хүмүүст боломж олгох хуйвалдаан явагдаж байгаа гэлээ.