Credit: Yonhapnews

Халуун сэдэв

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө Бүгд Найрамдах Солонгос Улсад газардсан байна. Түүнийг ирсэн даруйд энэ улсын хуулийн байгууллага байцаалт мэдүүлэг авч эхэлжээ. Солонгосын хэвлэл мэдээлллийнхэн ч Д.Одбаяр даргын байцаасан өрөөний үүдэнд цугласан байна. Энэ үйл явдал өрнөхтэй зэрэгцэн Солонгос, Монгол иргэд цахим орчинд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж эхэллээ. Мөн Солонгосын хэвлэлүүд Монголын сайд, дарга нарын хийсэн мэдэгдлийг ч орчуулан цацжээ.

Түүнийг Индонез улсаас олон улсын хуралд ороод буцаж ирэх үеэр буюу өчигдөр Инчеоны нисэх буудалд газардахад саатуулжээ.  Ингэхдээ 10 хоног тус улсаас гарахыг хориглож хилийн хориг тавьсан байна.   БНСУ-ын хуулийн байгууллагууд түүнээс 2 төрлийн байцаалтыг 9 цаг орчим авчээ.  Учир нь тэрээр онгоцны үйлчлэгч бүсгүйн биед зүй зохисгүй хүрээд зогсохгүй шаардлага тавьсан нисэх багийн ажилтныг хана руу түлхэж, Монгол ажилтан руу хандаж албан тушаалаараа далайлган сүрдүүлсэн гэж мэдээлж байгаа юм. Мөн байцаалтын үеэр түүнийг зарим нэг үйлдлээ зөвшөөрсөн тухай ч бичсэн байна.  

Байцаалт өгөөд гарч явах үеэр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжилж түүнээс "Та энэ хэргийн талаар Монгол улс руу мэдэгдэж хандсан уу", "Энэ нөхцөл байдлыг хэрхэн хүлээж авч байна вэ", "Танд хэлэх зүйл байна уу?" гэх зэргээр  асуулт асуусан боловч огт хариу өгөхгүйгээр машинд суугаад явж байгаа дүрсийг Ёнхаб мэдээллийн суваг цацжээ.  

Энэ мэтчилэн Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын тухай мэдээлэл Өмнөд Солонгос улсын хэвлэлээр цацагдсаар байна. Харин  гэрч хохирогчоор мэдүүлэг өгсөн Кореэн Эйрын онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд уг хэргийг хуулийн дагуу шийдэж хариуцлага тооцож өгөхийг хүсээд байгаа гэнэ.  Мөн  уг хэргийн анхны дуудлагыг авч Инчеоны нисэх буудалд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан А нарыг саатуулаад явуулсан цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөх болсон тухай ч мэдээлэл цацагджээ. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой хэрэг цаашаа үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь БНСУ-д бэлгийн дарамтыг нарийвчлан хуульчилж хүн рүү удаан ширтэх, биед нь зөвшөөрөлгүй хүрэх, ярих зэргийг ч хориглодог.  Мөн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг дотно гадны гэж ялгалгүй байнга мэдээлдэг.  Энэ удаад ч БНСУ-ын хэвлэлүүдээр түүнтэй холбоотой мэдээллийг ийнхүү цацаж Монгол улсын Үндсэн хуулийн цэцээс гаргасан мэдэгдлийг хүртэл үзүүлэн арын эгнээнд сууж явсан иргэнд өөрийнхөө гэм буруутай үйлдлийг тохох гэж оролдсон гэх тайлбартайгаар хүргэж байгаа юм.   Мөн түүнийг БНСУ-ын хуулийн байгууллагууд дипломат эрх ямба эдлэхгүй гэж үзэж байгаа бол Монгол Улсын Гадаад харилцааны сайд Цогтбаатар өөр байр суурь илэрхийлсэн.  Энэ мэтчилэн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой хэрэг олон нийтэд цочроо өгч чанга хатуу хуультай улс орон иргэнээ хэрхэн хамгаалдагийг харуулж мэдрүүлсээр байна. Уг хэргээс үүдэн Солонгос улсад ажиллаж амьдарч сурдаг Монголчууд ихэд бухимдалтай байгаагаа цахим орчинд ч илэрхийлжээ.  Монгол Улсын нэр төрийг өндөрт өргөхгүй ч элдэв муу зүйлтэй хутгахгүй гэж төрийн далбаагаа хүртэл гэртээ залдаг олон мянган иргэн түүний үйлдлийг буруутгаж хамгийн ихээр хууль сахиулах ёстой албан тушаалтан ийм увайгүй үйлдэл гаргасанд эгдүүцэж байна.  Түүнчлэн уг хэргийн тухай Солонгос иргэд Монгол улсыг хамгийн ядуу, хог шиг улс, шалихгүй байж их юмаар оролдлоо гэх зэргээр доромжилжсон өнгө аястай сэтгэгдлүүдийг бичжээ.