Халуун сэдэв

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих үедээ онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан байж болзошгүй асуудал олон улсад шуугиан тариад байна. Хохирогч гэх бүсгүйчүүд мэдүүлэг өгөхдөө ямар нэг хүнтэй андуураагүй гэдгээ хэлж, хатуу хариуцлага тооцож өгөхийг улсынхаа хуулийн байгууллагаас хүсчээ. Энэ мэдээллийг Солонгосын томоохон хэвлэлээс үзэгч танд орчуулан хүргэе. Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга онцгой эрх ямба эдэлдэг эсэхийг Гадаад харилцааны сайдаас тодрууллаа.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын тухай мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлийн хуудаснаас буухгүй байна. Мөн олон нийтийн томоохон телевизүүдээр гарсаар байгаа юм.  Учир нь түүнийг Кореан эйр компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн биед зүй зохисгүйгээр хүрч онгоцны буудал дээр цагдаад саатуулагдахдаа ЭСЯ-ны онцгой эрх ямба эзэлдэг гэж мэдүүлсэн нь худал гэж БНСУ-ын телевизүүдээр мэдээлж байна. Мэдээллийг сийрүүлвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь онгоцонд суухдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.  КЕ868 дугаарын нислэгээр өнгөрсөн Пүрэв гарагт зорчихдоо хамт явсан 40 настай А гэгчийн хамт онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн биед хүрч эвгүй байдалд оруулсан. Үүнийгээ цагдаагийн байгууллагад тайлбарлахдаа, өөр суудлын хүн байсан гэж мэдүүлж дипломат паспорт үзүүлэн онцгой эрхтэй гэж мэдүүлснээр Өмнөд Солонгосын хилээр гарч явсан гэжээ. Түүнийг мэдүүлэг өгөхдөө онцгой эрхтэй гэж худал мэдүүлсэн гэж БНСУ-ын хэвлэлээр мэдээлж байгаа ч Монгол Улсын Гадаад харилцааны Д.Цогтбаатар өөр байр суурь илэрхийлж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга нь онцгой эрх ямба эдлэх эрхтэй цөөн хүмүүсийн тоонд ордог гэж хэллээ.

2016 оноос УИХ-аас нэр дэвшин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдон ажиллаж 2017 онд цэцийн даргын албан үүргийг хаших болсон түүний хэргийг зүгээр өнгөрүүлэх ёсгүй хэмээн Өмнөд Солонгос улсын иргэд ч сэтгэгдлээ илэрхийлжээ.   Тэрээр олон улсын хуралд оролцохоор явж байсан учраас БНСУ-аар дамжсан. Харин буцаж ирэхдээ уг хэргээ шалгуулах ёстой гэж үзэж байна. Хэрвээ шалгуулахгүйгээр шууд эх орондоо ирэх буюу хэргээс зугтах гэж оролдвол БНСУ-ын прокурорын байгууллагад хэргийг шилжүүлнэ гэж хэвлэлүүд нь бичжээ.