Замын-Үүд авто замын боомтоор 14 мянган тонн ачааг татан аваад байна 

Засгийн газар

Эрээний боомтод гацаад байсан ачаа тээврийг нарийн зохион байгуулалттайгаар нэвтрүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 14 мянган тонн ачаа татан аваад байгаа юм. Энэ долоо хоногт багтаж үлдсэн ачааг бүрэн татан авах тооцооллыг албаныхан танилцууллаа. Тээвэрлэлтийн зардал дунджаар 3 сая төгрөг байна. 

Нэгдүгээр сарын 11-нээс чингэлэгт тээвэр эхэлснээс хойш нийт 674 тээврийн хэрэгслээр 888 чингэлэг бүхий 14 мянга гаруй тонн ачаа тээврийг Эрээний боомтоос татан аваад байна.

Одоогоор татан авсан ачаа нь 90 орчим аж ахуйн нэгжийнх байна. Эдгээр ачааг задгай тэвштэй 136 машин, чингэлэгт тээврийн 495 машин зөөж, Замын-Үүдээс гарч дотоодын тээвэрт явжээ. Тээврийн үнэ бага багаар буурч байгааг албаныхан танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар ачаа тээврийн үнэ 3-3.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. 

Эрээн хотод ачаатай 900 гаруй чингэлэг гацаад байсан бол эдгээрийг энэ долоо хоногт бүрэн авч дуусгахаар төлөвлөжээ. Мөн суларсан чингэлгүүдийг буцаах ажлыг өчигдрөөс эхлүүлээд байна. 

Эрээн өртөөн дээр өргөн нарийн царигийн паркийг өргөжүүлэх хоёр зөрлөгийн хүчин чадлыг дээшлүүлэх ажил цагаан сарын дараа эхэлнэ. Уг ажил эхэлснээр тээвэрлэлтийн  хүчин чадал  нэмэгдэн өдөрт хорин галт тэрэг зорчих боломжтой болно гэж албаны төлөөллүүд мэдэгдлээ.