Намууд

2020 оны Улсын их хурлын сонгуульд 12 нам нэгдэн 4 эвсэл болж өрсөлдөх бол 15 нам тусдаа оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Тодруулбал Монгол Ардын нам, Ардчилсан нам, Та бидний эвсэл, Шинэ эвсэл, Зөв хүн электорат зэрэг эвслүүд өрсөлдөх юм. Тэгвэл дээрх нам эвслүүд ирэх дөрвөн жилд юу хийхээр төлөвлөн мөрийн хөтөлбөрөө боловсруулсныг үзэгч танд товч танилцуулья:

- МАН-ын мөрийн хөтөлбөрт дундаж орлоготой иргэдийг дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг орон сууцжуулах, зээлийн хүүг бууруулах зорилгоор иргэдийн амжиргааг дэмжиж "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогод туссан ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан.

- Харин АН-ын мөрийн хөтөлбөрт Монгол хүнийг дэлхийн дундаж орлоготой болгоход бодлогоо чиглүүлэн цалингийн хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ гэж байгаа.

- Тэгвэл та бидний эвсэл буюу МАХН, ИЗНН, МУНН намууд мөрийн хөтөлбөртөө Цалинг 5 сая төгрөгт хүргэхээр тусгасан. Үүнээс гадна зөв хүн электорат эвсэл технологийн хөгжлийг өндөрт хүргэх, хулгайчдаас салж, Монгол улсын 3 сая иргэн 300 саяд хүрэх боломжтой мөрийн хөтөлбөр боловсруулжээ.

НАМУУДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН БОДЛОГОД НИЙЦСЭН ЭСЭХИЙГ ШАЛГАНА

Намуудын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт болсон гэж цахим орчинд иргэд шүүмжлэх болсон. Харин аудитын байгууллага мөрийн хөтөлбөрүүдийг хянахдаа хоёр үндсэн шалгуур тавихаа хэллээ.

Намуудын мөрийн хөтөлбөр холбогдох хуулиудад нийцсэн эсэхийг 30 хоногийн хугацаанд шалгаж 4-р сарын 25-ны-өдөр дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай. Тэгвэл иргэдийн цалинг 3-5 саяд хүргэнэ гэх мөрийн хөтөлбөрүүд эдийн засагт савалгаа үүсгэх эсэх, эдийн засгийн тооцоо судалгааг бодитоор хийгсэн үгүйг мэргэжлийн хүмүүс сайтар нягтлана гэлээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам эвслүүд мөрийн хөтөлбөртөө бэлэн мөнгө, эд хөрөнгө, зээлийн болон бусад төлбөр чөлөөлөх зэргийг хориглосон байдаг. Намуудын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн эсэхийг Аудитын байгууллага шалгадаг бол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн эсэхэд дүн тавих хүн ард түмнээс өөр байхгүй юм.