Ливийн экс удирдагчийн хүү улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдох хүсэлтэй байна

Улс төр

Ливийн экс удирдагч Муаммар Каддафигийн хүү Саиф аль Ислам улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдох хүсэлтэй байна. 49 настай Саиф Ливийн Сабха хотын сонгуулийн төв хороонд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн өгчээ. 

Ливийн сонгуулийн төв хороо улсынхаа экс ерөнхийлөгчийн хүүгийн нэр дэвших тухай хүсэлт, баримт бичгийг хүлээн авчээ. Хуулийн дагуу баримт бичигтэй танилцан, нэр дэвших эрх олгоход хэд хоногийн хугацаа шаардлагатай юм.

Ливид ирэх 12-р сарын 24-нд бүх нийтийн сонгууль болно. Ливийн асуудлаар Францын нийслэл Парис хотноо болсон олон улсын бага хурлын үеэр Барууны улс орнууд Ливийн эрх баригчдад хандан сонгуулийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, зохих өөрчлөлт шинэчлэл хийхийг даалгасан юм.

Ливийн экс ерөнхийлөгчийн хүү Саиф аль Ислам Европын их дээд сургуульд өндөр боловсрол эзэмшсэн, Барууны улс орнуудтай харилцах гадаад харилцааны асуудлаар мэргэшсэн хүн юм. Түүнийг 2011 онд Ливийн босогчдын бүлэглэл баривчилж, 2017 оны 7-р сар хүртэл шоронд хоригдож байжээ.