Намууд

Улсын их хурал дахь Монгол ардын намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гээд эрх баригч намын удирдлагууд оролцсон байна. Сонгуулийн мандат болон нэр дэвшигч нарын талаар хэлэлцсэн гэдгийг зарим эх сурвалжууд хэллээ. Энэ удаагийн сонгуульд МАН нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн хандив авахгүй. Мөн иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр рейтингтэй гишүүдийг сонгуульд илгээнэ гэдгийг намын дарга мэдэгджээ.

Улс төрийн намууд тодорхой хэмжээний мөнгөний босго тавьж, нэр дэвшихийг горилогч тухайн мөнгийг өгсөн тохиолдолд нэр дэвшүүлдэг байсан. Харин МАН 2020 оны сонгуульд энэ зарчмаар явахгүй, нэр дэвшигчээс хандив авахгүй гэдгээ мэдэгдлээ. Үүний оронд иргэдийн дунд судалгаа явуулж, нэр дэвших боломжтой хүмүүсийг тодруулах юм. Нэр дэвшигчдийн нэр 3 сард тодорхой болно.

Нэр дэвшихийг горилогчид нь их хэмжээний мөнгө албан байгууллага, хувь иргэнээс авахыг хориглох асуудлыг бүлгийн хурал дээр мөн ярилаа. Хэрэв энэ төрлийн зөрчил гаргавал нэр дэвшүүлэхгүй гэдгийг МАН-ын дарга сануулсан юм.

Намд хандивласан мөнгөний хэмжээгээр төрийн албыг ханцуй нь дотроо наймаалцах байдал гардаг. Харин ийм асуудал гаргахгүй. Мөнгөний хэмжээгээр бус ажлын ур чадвар, боловсрол зэргийг харгалзан үзэж албан тушаалд томилно гэсэн юм. Ийнхүү намын санхүүжилтийг ил тод байлгах, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг иргэд шийдэх боломжтой болсныг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.