Намууд

Тэтгэврийн зээлтэй холбоотойгоор Улсын их хурал дахь Шинэ намын зөвлөл өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Тэд Үндсэн хуульд заасны дагуу иргэн бүр тэгш эрхтэй байхыг сануулж байна. Байгалийн баялгаас зөвхөн зээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлээд зээлгүй ахмадуудыг орхигдуулж болохгүйг онцоллоо. Тэгш эрх бий болгохын тулд Шинэ намын зөвлөл шаардлага хүргүүлэхээр болсон байна. Хэрвээ хүлээн авахгүй бол жагсаал зохион байгуулахаар шийджээ. 

Салхитын мөнгөний ордыг барьцаалан, бонд босгох замаар 750 тэрбум төгрөгийг өндөр настнуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах зөвлөмжийг ҮАБЗ-ийн гишүүд гаргасан нь хуулийн төсөл болж, өнөөдөр Төрийн Байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцлээ. Энэ тухай асуудалтай холбогдуулан Улсын их хурал дахь Шинэ намын зөвлөлөөс байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ,

Монгол Улсын хэмжээнд өндөр насны тэтгэвэр авч буй 305 мянган хүн байна. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын тоо ойролцоогоор 240 мянга. 750 тэрбум төгрөгийг зөвхөн 240 мянган ахмадын тэтгэврийн зээлийг хаахад зориулах нь тэтгэврийн зээл аваагүй ахмадуудыг ялгаварлан гадуурхсан асуудал болж байгаад иргэд дургүйцлээ илэрхийлж байна. Зээл авсан нь хожиж, зээл аваагүй ахмадууд нь хохирч үлдэх нь шударга ёсонд нийцэхгүй, Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг юм гэлээ.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд “Хамгийн өндөр тэтгэвэртэй аравхан мянган хүн энэ хуулийн дагуу 100 тэрбум төгрөг авах гэж байна. Гэтэл 100 мянган бага тэтгэвэртэй, бага зээлтэй иргэн мөн адил 100 тэрбумыг авах гэж байна. Зээл аваагүйнхээ төлөө бусад ахмаду нь төрийн халамжийн гадна үлдэж болохгүй. Ийм шударга бус хуваарилалт хийж болохгүй. Үүний төлөө манай нам шаардлага хүргүүлж байгаа. Хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол бид нөгөөдөр буюу 1 дүгээр сарын 10-ны өдөр сануулах жагсаал цуглаан эхлүүлнэ” гэлээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ “ШИНЭ намын ЕЗ-өөс гаргасан хоёр дахь шийдвэр нь Тэтгэврийн зээлийг хаах хуулийн төслийг эсэргүүцэж байгаа. Энэ бол хүний эрхэнд халдаж байгаа, Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчсөн санал төдийгүй, өнөөдөр зах зээлийн нийгэмд хуулийн өмнө тэгш эрхтэй иргэн, банк хоёр зээлийн харилцаанд орсон байхад гуравдагч этгээд төр дундаас нь орж, хүний дахин зээл авах эрхийг хаана гэдэг бол маш бүдүүлэг, зах зээлийн эсрэг шийдэл гэлээ.