Намууд

Ирэх 6-р сард Улсын их хурлын сонгууль болно. Олон мандаттай, томсгосон мажоритор тогтолцоогоор нэр дэвшигчид өрсөлдөх юм. Харин улс орныг хэдэн тойрогт хуваах, тойрог бүр хэдэн мандаттай байх вэ гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо 2-р сар гэхэд  эцэслэх юм. Аймгуудын хувьд нэг мандаттай, үлдсэн нь нийслэлд байх магадлал өндөр. Тэгвэл нийслэлийн мандатаас хасч дөрвөн аймагт мандат нэмэхээр яригдаж эхэлсэн байна.

2020 оны УИХ-ын сонгуулийг  томсгосон тойрог олон мандаттай буюу 50+26 гэх холимог системээр явуулах хуулийн төслийг батласан. Өөрөөр бол 76 жижиг тойргоос иргэд төлөөллөө сонгодог байсан бол энэ удаад 26  тойргоос 76 хүн сонгоно гэсэн үг. Жишээлбэл, Өвөрхангай аймаг бүхэлдээ нэг тойрог болж тус аймгийн иргэд 4 хүртэлх гишүүнийг сонгох учиртай.  Энэ зарчмаар нийслэлийн зарим мандатыг цөөлж дөрвөн аймагт мандат нэмэхээр ярьж байгаа гэнэ.

Ирэх сарын нэгнээс өмнө сонгуулийн тойргийг тодорхой болгох учиртай. Тиймээс аль аймагт хэдэн мандат тогтоож хэчнээн гишүүн сонгох, нийслэлийн 9 дүүргийг хэчнээн тойрог болгож хэдэн мандаттай байлгах зэргийг СЕХ боловсруулж байгаа. Ирэх долоо  хоногоос төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж эхлэнэ.

Сонгуулийн тухай хуульд тойргийг байгуулахдаа аймаг дүүргийн хүн амын тоог харгалзан үзэхээр заасан байдагТиймээс одоо яригдаж байгаа дөрвөн аймаг тус бүр нэг мандаттай байгаа тул олон мандат гэх зарчимдаа нийцүүлэхээс гадна хүн амын тоог харгалзан үзэж байгааг хэллээ.