Намууд

Харин Улсын их хурал дахь сөрөг хүчин Ардчилсан нам сонгуулийн хуулийг анхааралтай ажиглаж байгаагаа хэллээ. Нэгэнт нөлөөлөх боломж байхгүй учраас сонгууль шударга, хуулийн дагуу явуулах дээр хяналт тавина гэдгээ онцолж байна.

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийсэн. Мэдээллийнхээ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвпорж сонгуулийн хуулийн тухай болон НӨАТ-ын тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. АН-ын зүгээс пропорционал элементээр сонгуулиа явуулах санал гаргасан боловч МАН дэмжээгүй. Тиймээс сонгуулийн тухай хуулинд нөлөөлөх боломжгүй учраас шударга сонгууль явуулах асуудал анхаарлаа хандуулж хяналт тавина гэдгээ мэдэгдлээ.

Мэдээллийнхээ үеэр НӨАТ-ын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн юм. Төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ. Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага байдгийг гишүүн онцоллоо. НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсныг хууль санаачлагч онцлов.