Намууд

Энэ долоо хоногт Улсын их хурал сонгуулийн тухай хууль хэлэлцэнэ. Ирэх жилийн гол сэдэв учраас намын бүлэг, зөвлөлүүд бүгд энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэллээ. Эрх баригч Монгол Ардын Нам 50:26 гэсэн том, жижиг мажоритор тогтолцоог санал болгосон. Тэгвэл хувилбар дахин өөрчлөгдөж олон мандаттай томсгосон мажоритор тогтолцоогоор сонгууль явуулахаар тогтсон байна. Энэ саналыг намын удирдах зөвлөл, бүлэг 100 хувь дэмжиж байгаа учраас эцсийн шийдвэр гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. 

МАН-ын бүлэг хоёо удаа хуралдаж 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойрог, олон мандат буюу томсгосон мажоритор хувилбараар явуулахаар эцэслэн шийдвэрлэсэн байна. Учир УИХ-ын сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгээс 26 том, 50 жижиг тойргоор явуулах санал гаргасан ч тус санал унасан байна.

Томсгосон тойрог, олон мандат буюу томсгосон мажоритор хувилбараар 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийг явуулж байсан билээ. Тодруулбал, нэг аймаг, дүүрэг нэг тойрог болох ба үүний мандатын тоонд тааруулж улс төрийн нам тус бүрээс нэр дэвшигчид өрсөлддөг тогтолцоо юм. Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж 50/26 гэсэн хэлбэрээр сонгууль явуулах асуудлыг дотроо хэлэлцсэн ч санал дэмжигдээгүй юм. Зарим гишүүд эсрэг саналтайгаа байгаагаа ч илэрхийлсэн юм.

Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Лхагва гарагийн 15.00 цагаас Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, энэ долоо хоногт багтааж сонгуулийн хуулийг эцэслэж батлана гэдгийг зарим гишүүд хэлж байна.