Намууд

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Сарангэрэл Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингeмийн Их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Фернандо Касал нь Монголын улс төрийн намын тогтолцоог ардчилсан, нээлттэй хариуцлагатай болгох чиглэлээр Улс төрийн намын тухай хуулийн төсөлд зөвлөмж өгч байгаа олон улсын мэргэжилтэн юм. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Сарангэрэл “НАМЭХ бол 25 жилийн түүхтэй МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага бөгөөд жендерийн тэгш байдлыг бий болгох, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын эмэгтэйчүүдийн хамгийн нөлөө бүхий байгууллага юм. Та Улс төрийн намын тухай хуулинд өгсөн зөвлөмждөө улс төрийн намын тогтолцоог хариуцлагатай болгох, намуудыг төлөвшүүлэх, шийдвэр гаргах үйл явцад нийгмийн цөөнх, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр чухал саналууд дэвшүүлсэнд НАМЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд би их баяртай байна. Дэлхий дахинд эмэгтэйчүүдийн улс төр дэх тэгш байдлыг хангах үүднээс олон төрлийн дэмжлэг, зохицуулалт байдаг бол Монгол улсын хувьд зөвхөн нэр дэвшүүлэх квот болон зарим улс төрийн намын дүрэмд заасан квотууд л байдаг. Тийм учраас дэлхийн нийтийн хөгжлийн жишиг болсон улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр бидэнд олон улсын байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал юм” гэлээ.

Фернандо Касал Бэртуа-Европын Аюулгүй байдал Хамтын ажиллагааны байгууллагын эксперт

Орчуулга: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихийн тулд зөвхөн сонгуульд нэр дэвших квот олгоод зогсохгүй урт хугацааны бодлого хөтөлбөрүүд хэрэгтэй юм. Учир нь хөгжиж буй олон оронд эмэгтэйчүүдийг дорд үзэх, уламжлалт хандлага хүчтэй байдгаас гарааны хувьд эмэгтэй улс төрчдөд тэгш боломж байдаггүй. Тийм учраас төрийн бодлогоор эмэгтэйчүүдийн оролцоог урамшуулан дэмжих механизмуудыг хэрэглэх нь үр дүнтэй. Тухайлбал, улс  төрийн намуудад олгож буй төрийн санхүүжилтын тодорхой хэсгийг эмэгтэй нэр дэвшигчдийг сурган бэлтгэхэд зарцуулах, эмэгтэй нэр дэвшигчдийг олноор дэвшүүлсэн улс төрийн намуудад хөнгөлөлт урамшуулал олгох зэрэг олон механизм байдаг. Монголын энэ удаагийн Улс төрийн намын тухай хуулийн төсөл нь өмнөх төслөөс маш сайн болсон. Тэр дундаа намын санхүүжилтыг ил тод, хариуцлагатай болгох талаар сайн заалтууд орсон байна. Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, жендерийн тэгш байдлыг бий болгох нь Монголын ардчиллын төлөвшилд чухал үүрэгтэй. Учир  нь эмэгтэйчүүдийг улс төрд өргөнөөр оролцуулснаар авилга буурдаг, улс орон дахь талцал, туйлшрал багасч, ардчиллын чанарт эерэгээр нөлөөлдгийг дэлхийн улс орнуудын туршлага харуулдаг. Тийм учраас эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр НАМЭХ той бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна.