Намууд

Улсын их хурал дахь Монгол ардын намын бүлэг өнөөдөр Оюу толгойн гэрээний асуудлаар хуралдсан байна. Улсын их хурлаас байгуулагдсан ажлын хэсэг Оюу толгойн гэрээ болон Дубай хотод өөрчлөгдсөн зүйл заалтад шалгалт хийж эргэн харах шаардлагатай гэж үзсэн юм. Учир нь монголчууд ашгаа хүртэж эхлэх 2039 онд ашиг биш өртэй үлдэнэ гэдэг дүгнэлтийг ажлын хэсгээс гаргаад байна. Монгол ардын намын бүлэг ажлын хэсгийн мэдээлэлтэй сайтар танилцах ёстой гэж үзлээ.

УИХ-аас байгуулсан ажлын хэсэг Оюутолгойн гэрээнд шалгалт хийж нийт 86 зүйл заалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байдаг.  Үүнд ТЭЗҮ шинэчлэх, уурхайн нөөцийг дахин тогтоох, валютаа Монгол улсаар дамжуулдаггүй асуудал, үйл ажиллагааныхаа зардлыг өсгөх замаар 34 хувийг эзэмшиж байгаа Монгол улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал бий. Тиймээс тус гэрээг цаашид энэ хэвэнд нь үргэлжлүүлсээр байх уу үгүй юу гэдэг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэж эхэллээ. Олонхийн бүлгийн зүгээс өргөтгөсөн ажлын хэсэг гаргаж дахин нягтлах зүйлс байгаа гэж үзсэн юм.

Алт зэсийн нөөцөөр дэлхийд гайхагдах Оюутолгойн ордыг 2039 он хүртэл ашиглахад Монгол Улс 1 тэрбум ам.долларын өрөнд орох тооцоог ажлын хэсэг гаргасан. Тиймээс далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах асуудлыг ч ярьж эхлээд байгаа юм. Харин зарим гишүүдийн тухайд Монгол улсад хийгдсэн анхны томоохон гэрээ тул алдаа дутагдалтай зүйлийг нь засаж залруулаад явах нь зүйтэй гэлээ.

Оюутолгой компани үйл ажиллагааны зардлаа өсгөх тусам Монгол улсын төлөх өр нэмэгдэж ашиг хүртэх хугацаа хойшилно. Үүнийг ашиглан тус компани зардлаа өсгөх бохир арга хэрэглэж байгааг зарим эх сурвалжууд хэлэх болсон. Тодруулбал хөнгөн жинтэй контейнер хилээр нэвтрүүлж зардлаа өсгөж  байх магадлалтайг мэдээлэл ч сангийн сайдад хүрчээ. Энэ асуудлыг нягтлахаар ажиллаж Герман улс руу хүсэлт илгээсэн байна. Тиймээс Оюутолгойн гэрээ  болоод тус компанийн үйл ажиллагааг УИХ засгийн газрын хамтарсан ажлын хэсэг дахин нягтлах шаардлагатай гэж үзжээ.