Засгийн газар

Улсын тусгай хамгаалалт бүхий 32.8 сая га газрыг улсын хэмжээнд 34 хамгаалалтын захиргаа хариуцан нийт 476 байгаль хамгаалагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тиймээс салбарын сайд эх орон, онгон дагшин байгалиа хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй байгаль хамгаалагчиддаа мотоцикл гардуулан өглөө. 

Улсын тусгай хамгаалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын  байгаль хамаалагч, сав газрын захиргаадыг мотоциклоор хангах ажлын хүрээнд 411 сая гаруй төгрөгөөр ZS200-6 нүүдэлчин маркийн мотоциклийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр бүхий 24 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагч, 21 сав газрын захиргаадад гардуулан өглөө.

2014 оноос хойш буюу 6 жилийн турш улсын төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагчдыг мотоциклоор хангаагүй байна. Харин 2017 онд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн санхүүжилтээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгааллатын захиргаанд материаллаг баазыг сайжруулах зорилгоор 3.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангаж байжээ. Байгаль хамгаалагчдын зүгээс саад тогтгор ихтэй замаар явдаг учир машин явах боломжгүй мотоцикл, морьтой явдаг гэлээ. Тиймээс хүчин чадал сайтай мотоцикл тун хэрэгтэй байсныг хэлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 120 болж улсын газар нутгийн нийт 21 хувь буюу 32.8 сая га талбайг хамарч байна. Цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50%, ойн сан бүхий газрын 40%-ийг хамгаалалтад аваад байгаа юм.

Салбарын сайд улсын тусгай хамгаалалт бүхий газрын хамрах хүрээг нэмэгдүүлнэ гэлээ. Тиймээс эх орон, уул усаа хамгаалж буй байгаль хамгаалагчдаа техник хэрэгслээр хангаж ажиллах нөхцлийг нь сайжрууллаа.