Засгийн газар

Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш 21 аймгийг бүсчилсэн байдлаар тойрч ажиллахаар төлөвлөсөн. Тэрбээр энэ удаад говийн бүсийн аймгуудад ажиллаж байна. Говийн бүсийн аймгуудын удирдлагуудтай хийх уулзалтаа Дундговь аймгийн төв Мандалговь хотод хийж байна.

Уулзалт, зөвлөгөөнд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн удирдлагууд оролцож байна. Өьөлжилтийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид шийдвэрлэх асуудлуудыг аймаг, орон нутгийн удирдлагууд шадар сайд Я. Содбаатарт танилцуулж байна.

Энэ жил нийт нутгийн 50 хувьд зуншлага сайн, 30 хувьд дунд зэрэг, 20 хувьд буюу говийн бүс нутагт зуншлага тааруу, гандуу байна. Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл хангахад онцгой анхаарч ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо. Мөн шаардлагатай өвс, тэжээлийн нөөцийг эртнээс бүрдүүлэхийг анхааруулсан юм.

Говийн бүсийн аймгуудын удирдлагын зүгээс аймаг орон нутгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай санхүүжилтыг олгохыг хүсч байна. Мөн говийн аймгуудын отрын дундын бүсийг тодорхой болгох ёстой гэсэн саналыг хэллээ. Ингэснээр малын хоргодол харьцангуй багатайгаас гадна бэлчээрийн даацад сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.

Дундговь аймгийн удирдлагын зүгээс тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг уламжиллаа. Тухайлбал, аймгаас отроор орж өвөлжих, хаваржих квотыг ахиу тавих шаардлагатай байгааг онцоллоо. Мөн гадны аймаг сумдад отроор гарсан мачдаас татвар түрээс авахгүй байхыг хүссэн юм.

Цаашид цаг уурын байгууллагаас гаргаж байгаа ар, улирлын төлөв байдлын мэдээг аймаг орон нутгийн хэмжээнд нарийвчлан гаргаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг уялдуулан зохион байгуулахыг анхаарууллаа. Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын дархлаажуулалт, угаалга, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах зэргийг анхаарууллаа.

Уулзалтын үеэр мөн ЦУОШГ-аас мэдээлэл өглөө. Говийн бүсийн аймгуудад сүүлийн жилүүдэд зуншлага оройтсноос болж бэлчээрийн ургамлын гаралт муу байгаа гэнэ. Түүнээс гадна ойрын хугацааны цаг агаарын мэдээллийг үзэж оторт гарах, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажлаа төлөвлөхийг анхаарууллаа.