Засгийн газар

Засгийн газрын тэргүүн танхимын бүтцээ тодорхойлж МУ-ын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороонд танилцууллаа.

 

 

Засгийн газрын тэргүүн танхимын бүтцээ тодорхойлж МУ-ын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-аар яаралтай горимд хэлэлцлээ. Монгол Улсын засгийн газар 14 яамтай байхаар бүтцийг тодорхойлсноос үндсэн чиг үүргийн зургаан яам , чиглэлийн 8 яамтай байх юм байна. Тодруулбал:

- Байгаль орчин, аялал жуулчлалын яам

- Батлан хамгаалах яам

- Гадаад харилцааны яам

- Сангийн яам

- Хууль зүй, дотоод хэргийн яам

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн үндсэн зургаан яам ерөнхий чиг үүрэгтэйгээр ажиллах бол

- Барилга, хот байгуулалтын яам

- Боловсрол, шинжлэх ухааны яам

- Зам, тээврийн хөгжлийн яам

- Соёлын яам

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

- Эрчим хүчний яам

- Эрүүл мэндийн яамдууд чиглэлийн яам байхаар тодорхойлжээ.

БСШУС-ЫН ЯАМЫГ ХОЁР ХУВААЖ БИЕИЙН ТАМИР СПОРТЫН УЛСЫН ХОРОО БАЙГУУЛНА 

Өөрөөр бол ирэх дөрвөн жил эдийн засгийн хүнд сорилтууд тулгарч, цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй хүндрэлүүд гарах тул шинээр олон яам байгуулж, олон хүн ажлаас халах солих асуудал гаргахгүй тулд засгийн газар хуучин бүтцээ хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ. Шинээр ганц яам байгуулахаар шийдсэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортыг яамыг хуваан Соёлын яамыг тусд нь байгуулах юм. Энэ нь төрөөс баримтлах соёлын бодлого, боловсролын тогтолцоог сайжруулахад чухал үүрэгтэйг Засгийн газрын тэргүүн онцоллоо. Харин нийтийн биеийн тамир спортын чиг үүргийн бодлого зохицуулалтыг Ерөнхий сайдын харьяанд Биеийн тамир, спортын улсын хороо байгуулан ажиллана гэлээ.

У. ХҮРЭЛСҮХ: ЗАСГИЙН ГАЗАР ӨНӨӨГИЙН БҮТЦЭЭР ТОГТВОРТОЙ АЖИЛЛАЖ, ХИЙХ ЁСТОЙ АЖЛУУДАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Засгийн газрын танхимд үндсэн чиг үүргийн болоод чиглэлийн 14 яамыг хариуцсан сайд нар, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд гэсэн 17 хүн багтаж байна . Мөн Засгийн газрын тохижуулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 байх юм байна. Гүйцэтгэх засаглал ямар бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулах асуудлыг УИХ-д танилцуулж байгаатай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа. Эдийн засгийн хүнд нөхцөлд сангийн яамнаас тусдаа эдийн засаг хөгжлийн яам байгуулах асуудлыг гишүүд хөндөж байсан юм.

Эдийн засаг хөгжлийн яамыг тусд нь байгуулах нь өнөөгийн нөхцөлд тохиромжгүй гэдгийг засгийн газрын тэргүүн онцолсон юм. Улс орны эдийн засагтай холбоотой асуудлыг Сангийн яам хариуцаж томоохон төсөл хөтөлбөр хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой урт хугацааны хөгжлийн асуудлыг ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд зохицуулах нь зүйтэй гэлээ. Зарим гишүүдийн зүгээс Засгийн газрын хэрэг эрхлэх газар олон бүтцийг хамарч ажиллах нь ачаалал өндөр, эрх мэдэл нэмэгдүүлсэн зэргээр шүүмжилсэн. Харин Ерөнхий сайдын зүгээс засгийн газрын гол чухал ажлууд хэрэг эрхлэх газар дээр төвлөрөх ёстойг онцоллоо.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд засгийн газрын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй болсон. Харин гишүүдийн зүгээс хэлэлцүүлгийн явцад Барилга хот, байгуулалтын яам, Зам тээвэр хөгжлийн яамыг нэгтгэж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг агентлаг олгодог байх асуудлыг зогсоох зэрэг саналуудыг гаргалаа. Улмаар гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Засгийн газрын бүтцийн тухай, болон засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Засгийн газрын бүтцийг батлах асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж байгаа тул төрийн байгуулалтын байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийлээ. Маргааш 09 цагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.