Photo credit: news.mn

Засгийн газар

Манай улс энэ сард найман удаагий нислэг үйлдэж иргэдээ авч ирнэ. Нэн тэргүүнд Энэтхэг Улсад суралцаж байгаа лам хүүхдүүд буюу ламхай нар багтаж байна. Энэтхэгийн хувьд цаг агаар халуун, хөл хорио тогтоосон гээд байдал нэлээд хүнд байгаа юм. Тэгвэл хүүхдүүдийн ирээд тусгаарлагдах зардлыг засгийн газар хариуцахаар шийдлээ. Тусгай сангаар дамжуулан санхүүжилтийн асуудлыг нь зохицуулахаар болсон байна.

Өнгөрсөн тавдугаар сарын дунд үед БНЭУ-аас иргэдээ татан авах захиалгат нислэгийг хийн 170 гаруй иргэнээ эх оронд нь авч ирсэн. МИАТ компани Энэтхэг Улс руу шууд нислэг хийдэггүй тул Улсын онцгой комисс тус улсад хүнд нөхцөлд байгаа иргэдээ Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлд захиалгат нислэгээр татан авсан.

Тэгвэл УОК энэ сард найман удаагийн тусгай үүргийн онгоц хөөргөхөөр хуваарь батлаад байгаа. Ингэхдээ энэ сарын 16-ны өдөр Энэтхэг Улс руу нислэг хийхээр төлөвлөсөн. Учир нь тус улсын Брайбүн Гоман дацанд суралцдаг 10-18 насны 357 хүүхэд эх орондоо ирэх хүсэлт илгээжээ. Хүсэлт гаргасан дээрх хүүхдүүдээс 219-ийг эх орондоо авч ирэх тусгай үүргийн онгоц илгээх шийдвэрийг засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.

Тусгай үүргийн онгоцоор авч ирэх ламхай нарын 70 гаруй хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Увс аймгийн харьяалалтай малчин өрхийн хүүхдүүд байгаа гэнэ. Дээрх хүүхдүүдийг эх оронд нь авч ирсний дараа тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх тогтоолыг Засгийн газар өнөөдөр баталсан юм. Улмаар хүүхдүүдийг тусгаарлах бусад төрлийн зардалд 230 сая төгрөг шаардлагатай гэж үзэн хүүхэд хамгааллын сангаас зардлыг гаргахаар ийнхүү шийдвэрлэлээ. Нэмэлтээр мэдээлэл хүргэхэд Энэтхэг Улсын Дели хотоос 2000 км зайтай газарт шавилан сууж байгаа дээрх хүүхдүүдийн байгаа газар өвчний тархалт өндөр байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлж байгаа юм.