Засгийн газар

Олон улсын хүүхдийн найрамдал зуслангийн хоёр дахь салбар Хөвсгөл аймагт байгуулагдахаар болж байна. Аялал жуулчлалын тулгуур төв болсон бүс нутагт олон улсын хүүхэд багачууд амрах боломж бүрдэж байгаа юм. Найрамдал-2 зусланг цэнгэг нуур, уул ус, мод цэцэг гээд байгалийн үзэсгэлэнт газрыг сонгон байгуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар тогтоолын төслийг баталж, холбогдох сайд нарт ажлаа эхлүүлэх үүрэг өглөө.

Засгийн газар өглөө 8:00 цагаас ээлжит бусаар хуралдаж байна Хуралдаанаар Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг баталлаа.

Улсдаа ганцад тооцогдох олон улсын хүүхдийн Найрамдал зуслан одоогоос 40 гаран жилийн өмнө буюу 1978 онд 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байгуулагдаж байсан. Үүний дараа 1981 онд дахин 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай өвлийн хэсгийг ашиглалтад оруулснаар бүтэн жилийн турш ажиллах боломжтой болсон түүхтэй. Тэгвэл Монгол Улсын засгийн газар олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдөр буюу өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Найрамдал-2 хүүхдийн зусланг байгуулах шийдвэр гарган тогтоолыг баталгаажууллаа. Ингэхдээ Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газар Найрамдал-2 зусланг байгуулахаар шийдвэрлэж салбар хариуцсан сайд нарт чиглэл өгсөн юм.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Найрамдал 2 зуслан байгуулах шийдвэр гаргахаас гадна ОХУ-ын өмчлөлд байсан 8 байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн авлаа. Ингэснээр 549 өрх 22 жилийн турш түрээс төлөн амьдарч байсныг оршин суугчдад нь хувьчлах бэлтгэл ажлыг эхлүүлж байгаа юм. 1998 оноос хойш тасралтгүй яригдсан уг ажлыг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн айлчлалаараа шийдвэрлэсэн.