Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хааны музейн барилгын ажилтай танилцлаа. Ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөгдөж байгаа музейн Б1 давхар бэлэн болсон байна. Хүннү гүрнээс эхлээд Монголын сүүлчийн эзэн хаан хүртэлх хаадын бүхий л үүх түүхийг энэ музейд байрлуулах юм. Олон улсын анхаарлыг татаж байгаа музейн барилгын ажил төлөвлөсөн хугацааныхаа дагуу явагдаж байгааг гүйцэтгэгч нар онцоллоо.

Нийслэлийн төв цэгт 20,500 кв.м талбайтай 9 давхар бүхий Чингис хаан музейг байгуулахаар засгийн газар шийдвэрлэж өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын шав тавьсан. Ерөнхий сайд болон албаны хүмүүс өнөөдөр барилгын ажилтай танилцаж гүйцэтгэл сайн байгааг онцоллоо. Олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа, сургалт, танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор байгуулах ажил төлөвлөгөөний дагуу хийгдэхээс гадна энэ оны 12-р сард барилгын гадна талыг бүрэн босгож Улсын комисст хүлээлгэх өгөхөөр төлөвлөжээ.

Чингис хаан музейн барилгад өдөр, шөнийн гэсэн хоёр ээлжээр 170 орчим хүн ажиллаж байна. Долдугаар сарын дунд үе гэхэд барилгын зургаан давхрыг бүрэн босгосон байна гэдгийг хэлж байна. Музейн барилгыг энэ ондоо багтаан Улсын комисс хүлээлгэн өгөх бол барилгын засал, тохижилтын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Чингис хаан музейг нийт 15 танхимтай байхаар төлөвлөж 3-4 дүгээр давхарт эртний улсуудын танхим буюу Хүннү гүрэнтэй холбоотой үзмэрүүд байх бол 5-6 р давхрыг эзэнт гүрний түүхийг харуулсан байхаар төлөвлөсөн. Энэ мэтчилэн 9 давхар музейд Монгол Улсын үүсч хөгжсөн түүхэн цаг үеийг бодитоор харуулах үзмэрүүдийг дэлгэхээр төлөвлөн улсын хэмжээнд хамгийн том музейг байгуулах ажлыг засгийн газар эхлүүлсэн. Ажил амжилттай явж байгааг Ерөнхий сайд онцолсон юм.