ОХУ нь дэлхийн 36 улс оронтой агаарын хилээ хаалаа

Үйл явдал

ОХУ-ын Украины нутагт явуулж байгаа цэргийн ажиллагааг эсэргүүцэн ЕХ-ны улс орнууд Оросын Аэрофлот компанийн эсрэг хориг тавьж, Оросын онгоцнуудын нислэгийг цуцлан, агаарын орон зайгаа хааж байгаагаа мэдэгдсэн.

Тэгвэл Оросын тал мөн үүнтэй адил арга хэмжээ авч, улсынх нь агаарын тээврийн компанийн эсрэг хориг тавьсан улс орнуудад мөн өөрийн агаарын орон зайгаа ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан байна. 

Оросын Иргэний агаарын тээврийн байгууллагаас энэ талаар мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлд олон улсын эрхзүйн хэм хэмжээний дагуу Оросын агаарын тээврийн компаниудын нислэг үйлддэг, мөн түүнчлэн Оросын талд бүртгэлтэй иргэний агаарын тээврийн нислэгийг Европын орнууд хориглосон учраас Москва дээрхтэй адил арга хэмжээ сөргүүлэн авч байна. Энэ дагуу Оросын тал нэр бүхий 36 улс орны агаарын тээврийн компаниудын нислэгт хязгаарлалт хийж, агаарын орон зайгаа хааж байна гэжээ.

Оросын тал энэ шийдвэрийн дагуу улсынх нь эсрэг агаарын хилээ хаасан нэр бүхий 36 улс орны эсрэг хариу арга хэмжээ авч, тэдгээр орны агаарын хөлөгт агаарын орон зайгаа хааж байгаагаа мэдэгджээ.