Архив...

Засгийн газар

Засгийн газраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт болох Алсын хараа-2050 төслийг өргөн барьсан. Монгол төрийн хар хайрцагны бодлоготой нийцэх урт хугацааны хөгжлийн бодлогын асуудлыг олонхийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Уг баримт бичгийг эрх баригчид дангаар батлах биш бүхий л улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, төрийн захиргааны байгууллагуудтай хамран хэлэлцэх ажлын хэсэг байгуулжээ.

Үндсэн хуулийн дараа орох томоохон баримт бичгийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхлэнэ. Энэ нь Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх Алсын хараа-2050 бодлогын баримт бичиг юм. Уг баримт бичгийг засгийн газар жил гаруйн хугацаанд боловсруулан УИХ-д өргөн барьсан бол МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Олонхийн бүлгийн зүгээс Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх хөгжлийн баримт бичгийг нухацтай хэлэлцэн олон талын төлөөллийг оролцуулан батлах нь зүйтэй гэж үзжээ.

Монгол ардын нам бүлгийн хурлаараа хэлэлцсэн асуудлаа танилцуулах үеэр сонгууль дөхсөнтэй холбоотой нэр дэвшигчдээ хэрхэн тодруулах хэзээ зарлахыг тодрууллаа. Тус намын бага хурал энэ сарын 15-16-ны хооронд явагдахаар төлөвлөжээ. Олонхийн бүлгийн дарга нам дотор ямар ч талцал маргаан байхгүйгээс гадна эв нэгдэлтэйгээр сонгуульд оролцоно гэдгийг хариуцлагатайгаар хэлье гэсэн юм. Харин цахим сүлжээнд явж байгаа судалгааны зардалд нэг гишүүнээс 50 сая төгрөг авсан эсэхэд тайлбар өглөө.

Үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотой хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг шинэчилж байгаа. Уг шинэчлэлээр урт хугацааны хөгжлийн бодлогыг аль нэг нам эвсэл гарч ирээд өөрчилдөг асуудлыг халжээ. Хэрэв гарч ирсэн нам бүр дур дураараа өөрчилсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээж Үндсэн хууль зөрчихөөр тусгасан байна. Мөн Эдийн засаг, хөгжил, төлөвлөлтийн яам байгуулахаар тусгажээ.