Засгийн газар

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэ Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор Улсын Их Хуралд танилцуулга хийх хүсэлтэй байгаагаа хэллээ. Учир нь үйлдвэрийн санхүүгийн байдалд тогтоосон онцгой дэглэмийг цуцлуулахын тулд хуулийг янз бүрээр тайлбарлах болсон. Азийн топ 5 үйлдвэрийн нэг улстөрчдийн байнгын анхааралд байдаг учраас нэгдсэн ойлголттой болох ёстой гэж үзсэн байна. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрт өмнө нь яаж шахаа хийдэг байсныг баримттай нь танилцуулах хүсэлтэй байгаагаа сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Үндсэн хуулийн цэц 01-р дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногт УИХ-д танилцуулсан ч дэмжлэг аваагүй. Тус дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэрт тогтоосон санхүүгийн онцгой дэглэмийг хүчингүй болгох эрх зүйн орчин бүрдэх байсныг Засгийн газрын сайд нар сануулсан. Тэгвэл цэц их суудлын хуралдаанаараа дахин уг асуудлыг хэлэлцэж сонгуулийн үеэр шийдвэр гаргах магадлалтайг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэллээ. Тиймээс Эрдэнэт үйлдвэрт тогтоосон дэглэм, мөнгө санхүүтэй холбоотой зөрчил, ямар шахаа хийгддэг байсан талаар мэдээллийг УИХ-ын гишүүдэд хаалттай өгөх хүсэлт гаргалаа.

Сонгууль дөхөхийн хэрээр чоно борооноор гэх үйлдэл олон гардагийг тэрээр онцоллоо. Учир нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дагалдуулж баталсан далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээний уршгаар засгийн газар олон улсын шүүхэд дуудагдсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг УИХ-ын тогтоолоор гаргах шийдвэрийг дур мэдэн захирамж гаргаснаар хүүгээс хүү бодож өр нэмэгдэх нөхцөл өнөөдөр бүрдсэнийг онцоллоо. Тиймээс Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал цар тахал, сонгуулийн дуулианаар хүндрэх эрсдэлтэйг сануулсан юм. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэц нь хууль сахиулах дээд байгууллага хэдий ч өөрсдөө хууль зөрчиж байгаа нөхцөл гарч эхлэснийг хэллээ.

Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбоотой шинээр томилох гишүүний нэрийг авах хүсэлтийг хоёр сарын өмнө өгчээ. Гэвч өнөөдрийг хүртэл саналаа ирүүлээгүй тул өчигдөр дахин бичиг илгээсэн гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга хэллээ.