Засгийн газар

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жил болоход ололт амжилт их байсан ч баян ядуугийн ялгаа гүнзгийрэхээс эхлээд анхаарах олон зүйл байгаа. Тиймээс Засгийн газрын тэргүүн ажлын хэсэг гаргаж өнгөрсөн гучин жилийн алдаа дутагдлыг засаж ирэх 30 жилд хийж хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох үүрэг өгсөн юм. Улмаар "Алсын хараа-2050" төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Дундаж давхаргыг нэмэгдүүлэхээс эхлээд урт хугацаанд хийж хэрэгжүүлэх цогц арга хэмжээг багтаасан төслийг УИХ хэлэлцэж эхэллээ.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1990 онд 1 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 13 дахин өсчээ. Эдийн засгийн хувьд энэ нь тийм ч чамлалттай тоо биш ч иргэдийн дунд орлогын тэгш бус харьцаа үүсч баян ядуугийн ялгаа эрс нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон. Үүнээс гадна зах зээлийн эдийн засагт шилжсэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон намын тогтолцоотой парламент засаглаж ирсний дүнд засгийн газрын дундаж наслалт 1.6 жил болсон. Тиймээс ирэх 30 жилд дундаж орлоготой иргэдийг 80 хувьд хүргэх зорилт тавин эдийн засаг, нийгэм, төрийн тогтвортой байдал зэрэгт 9 зорилго 50 зорилт бүхий Алсын хараа-2050 төслийг боловсруулаад байгаа юм.

Дэлхийн улс орон бүр урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж эхэлжээ. Тодруулбал, ОХУ-2036, БНХАУ-2049, Энэтхэг улс-2030, Норвеги улс-2060 зэргээр урт хугацаанд улсаа хөгжүүлэх бодлогоо тодорхойлж байна. Алсын хараа-2050 хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо дээрх орнуудын баримт бичигт дүгнэлт хийн боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Гэхдээ ард түмэнд үр өгөөжөө өгч чадах төсөл болсон эсэхийг тодруулж байлаа.

Алсын хараа-2050 хөгжлийн бодлогыг тодорхойлсон баримт бичигт эдийн засгийн тэргүүлэх 6 салбарыг зарласан. Үүнд, уул уурхай болон түүнийг холбосон мега төслүүд, хүнд, хөнгөн, хүнс гэсэн гурван чиглэлд боловрсуулах аж үйлдвэр, эрчим хүчний салбар, тээвэр логистик, төрөлжсөн аялал жуулчлал түүнийг дагасан үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, мэдээлэл технологи зэрэг салбаруудыг багтаасан байгаа юм.