Засгийн газар

5-р сарын 25-ны 12 цагаас эхлэн Монгол Улс шинэ зүйл заалт багтсан Үндсэн хуулиа дагаж мөрдөнө. Эцэг хуульд засгийн газрын дөрвөн сайдыг УИХ-ын гишүүн байж болохыг зөвшөөрч байна. Тэгвэл одоо эрх барьж байгаа засгийн газар шинэ үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас огцрох уу? гэдэг асуудал анхаарал татаж эхэлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд энэ асуултад тодорхой хариулт өглөө.

Коронавирусийн тархалтаас сэргийлэх ажилд чамгүй хөрөнгө зарцуулж, эдийн засаг хүндрэх эрсдэл үүссэн өнөөгийн нөхцөлд УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, төсвөө тодотгон, зардлаа танах уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан.

Тэгвэл төрийн тэргүүний уриалгыг хүндэтгэж, асуудлыг судлаж байгаа ч УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл одоогоор харагдахгүй байна гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Гэхдээ нөхцөл байдал хүндэрвэл асуудал өөрөөр эргэнэ гэдгийг хэлсэн юм. Мөн

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бүрддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл аливаа асуудлыг нэг цонхоор харж байгаа

хэмээн онцоллоо.

УИХ-ын ээлжит сонгууль хугацаандаа болохын дээр цар тахлаас сэргийлэн ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлд улстөржихгүй байхыг Ерөнхий сайд хүслээ. Тэрээр ууган намын даргынхаа хувьд УИХ-ын сонгуулийг шударга явагдахад анхаарна гэдэгээ хэлсэн юм.

Үүнээс гадна 20-иод жилийн дараа эцэг хуулиа өөрчлөсөн манай улс ирэх 5-р сарын 25-наас шинэ үндсэн хуулиа мөрдөж эхлэнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах үүднээс засгийн газрын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх заалтыг оруулсан. Мөн засгийн газрын дөрвөн сайд УИХ-ын гишүүний албыг давхар хаших боломжтой байхаар хуульчилсан. Үүнтэй холбоотой Үндсэн хуулийн хэрэгжилтээс өмнө засгийн газар бүтцээ өөрчлөх шаардлагатай гэж зарим хуульчид үзсэн. Уг асуудалд засгийн газрын тэргүүн дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 10 гаруй хууль хаврын чуулганаар шинэчлэгдэх ёстой. Үүнд УИХ-ын тухай хууль, чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, засгийн газрын тухай хууль багтаж байгаа. Тиймээс засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар зохицуулах юм.