Ардчилсан Үндсэн хуулийг 430 гаруй депутат 76 хоног хэлэлцэн баталж байжээ 

Нийгэм

Өнөөдрөөс 30 жилийн өмнөх 1992 оны энэ өдөр морин цагт буюу 11:35 цагт Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганаар баталсан түүхтэй. Ардчилсан үндсэн хуулийг улс орны өнцөг булан бүрээс ирсэн салбар салбарын 430 гаруй депутат 76 хоног хэлэлцэн, баталсан. Энэ үеэс Монгол улс шинэ түүхтэй, ардчилсан, чөлөөт улс болон хөгжиж иржээ.  

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан байдаг. Тодруулбал,  1924 оны Үндсэн хуулиар “хаант улсыг халж, Бүгд Найрамдах улсыг тунхагласан”, 1940 оны Үндсэн хуулиар “Улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах”, 1960 оны Үндсэн хуулиар “Социализмыг төгөлдөр байгуулж, цаашдаа коммунист нийгэм байгуулахыг үндсэн зорилгоо болгосон байдаг.

Харин 1992 он Үндсэн хуулиар “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх”-ийг тусгасан байдаг. тодруулбал нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй.

Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг.