ХАБГБ-ын улс орнуудын энхийг сахиулагчид Казахстаныг ойрын хугацаанд орхин гарна

Улс төр

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев улс орондоо дэгдсэн дотоодын үймээн самууныг гадны хүчний захиалгаар, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүсийн зохион байгуулсан террорист үйл ажиллагаа гэж үзсэн юм. Тиймээс улс орондоо дэгдсэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох зорилгоор Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад хандан тусламж хүссэн юм.

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Казахстаны эрх баригчдаас тавьсан дэмжлэг үзүүлэх хүсэлтийг хүлээн авч, Төв Азийн энэ улс руу 2030 хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах хүчин илгээсэн юм. Тэгвэл Казахстанд нөхцөл байдал тогтворжихтой зэрэгцээд гадны энхийг сахиулах хүчнийг энэ улсаас ойрын хугацаанд гаргахаар төлөвлөж байна. 

Казахстанд үүссэн дотоодын хямрал хүчирхийллийг намжаахын тулд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын 2022 оны 1-р сарын 6-ны өдөр баталсан шийдвэрийн дагуу Казахстан дахь нөхцөл байдлыг тогтворжуулах, хэвийн болгох зорилгоор энхийг сахиулах хүчний илгээсэн юм. Тэгвэл Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Мажилисын хуралдаан дээр хэлсэн үгэндээ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын улс орнуудын энхийг сахиулагчдыг энэ сарын 13-наас эхлэн гаргах болно гэж мэдэгджээ. Токаевын мэдэгдсэнээр энхийг сахиулах хүчнийг гаргах ажиллагаа үе шаттайгаар явагдаж, ойролцоогоор 10 хоног үргэлжлэх юм.

Казахстанд дэгдсэн дотоодын үймээн самуун, эмх замбараагүй байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гадны 2030 хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулагчид, мөн 250 нэгж техник оруулжээ. Казахстанд оруулсан энхийг сахиулах хүчин энэ улсын дотоодын хууль хүчний байгууллагынхантай хамтран засгийн газрын барилгууд, нисэх буудал, Байконур дахь сансрын нислэгийн төв, мөн бусад дэд бүтцийн онцгой объектуудыг хамгаалах үүрэг хүлээж байсан юм. Тэд нийслэл Нурсултан хот, Алматы болон Алматагийн орчмын бүсэд голлон байрлаад байжээ. Казахстаны дотоод хэргийн яамнаас гаргасан албаны мэдэгдэлд дурьдсанаар улс орондоо дэгдсэн жагсаал цуглаан, үймээн самууны хэргээр 10 мянга орчим хүнийг баривчлан саатуулжээ.