Засгийн газар

Энэ жил манай улсын мал сүрэг 70 сая толгойд хүрсэн. Дэлхийн ноолуурын хэрэглээний 40 гаруй хувийг дангаараа хангадаг Монгол улс энэ тоог дахин өсгөх боломж бүрдсэн байна. Тийм учраас Засгийн газар ноолуур бэлтгэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр боллоо. Өнгөрсөн жил нийт ноолуурын 10 гаруйхан хувийг боловсруулж байсан бол энэ жил 50 хүртэлх хувийг дотооддоо бэлтгэхээр төлөвлөсөн байна. Ингэхийн тулд Хөгжлийн банкаар дамжуулан үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдлээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ноолуур бэлтгэн боловсруулах асуудлыг онцгой анхаарч үйлдвэрлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргалаа. Энэ жилийн тухайд манай улс 10.2 мянган тонн ноолуур бэлдэх боломжтой тул үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох юм. Ингэснээр ноолуурынхаа 50 хувийг дотооддоо бэлтгэн эцсийн бүтээгдэхүүн болгохоор төлөвлөжээ.

Коронавирусийн тархалт дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж байгаа. Үүнтэй холбоотой манай улсын ноолуурын томоохон хэрэглэгч болох Итали улс хүндхэн нөхцөл байдалд байгаа юм. Тиймээс засгийн газар малчид, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор дээрх шийдвэрийг гаргалаа. Ноолуурын үнэ эрс буурна гэх мэдээлэл тархаж байгаа тул салбарын сайд үүнд итгэх шаардлагагүйг онцлоод ноолуурын үнэ энэ жил 100 мянган төгрөгөөс буурахгүй гэдгийг хэллээ.

Бага хүүтэй хөнгөлөлттэй зээлийг үндэсний үйлдвэрлэгчдэд олгохдоо тодорхой үүргийг хүлээлгэж шаардлага тавин гэрээ байгуулах юм байна. Төрийн хяналт зохицуулалттайгаар зээл олгох ажлыг хийхээс гадна малчдад урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна. Төрөөс зарласан үндэсний үйлдвэрүүдэд ноолуураа тушааж эцсийн бүтээгдэхүүн боловсруулсан ашгаас малчид урамшуулал авахаар зохицуулна гэлээ.