КАЗАХСТАН: Жагсаал цуглаан, эмх замбараагүй байдалд оролцсон иргэдэд хуулийн хариуцлага тооцно 

Үйл явдал

Казахстаны эрх баригчид улс орондоо үүссэн эмх замбараагүй байдал, жагсаал цуглаанд оролцсон иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцох болно гэдгээ мэдэгджээ. Иргэдийг турхиран, жагсаал цуглаанд уруу татаж, зохион байгуулсан этгээдүүдэд бүх насаар нь хорих ял, мөн магадгүй Казахстаны иргэншлээс түтгэлзүүлэх ял шийтгэл оногдуулахыг үгүйсгэхгүй байна. 

Энэ талаар Казахстаны прокурорын ерөнхий газраас мэдээлжээ. Казахстаны хууль хүчний байгууллага улс орондоо дэгдсэн үймээнийг алан хядлага, терроризмын шинж чанартай үйлдэл байсан гэж үзэн, энэ дагуу мөрдөн шалгах ажил явуулж байгаа юм. Казахстаны дотоод хэргийн яам жагсагчдыг зэвсгээ хаяхаас татгалзвал хариу гал нээх тушаал өгсөн байна.

Казахтсанд өрнөсөн дотоодын хямрал хүчирхийллийг энэ улсын эрх баригчид гаднаас санаатай зохион байгуулсан, мөн иргэдийг жагсаал цуглаан турхирч, ард нь байсан хүмүүс маш сайн зохион байгуулалтад орсон байсныг тэмдэглэжээ. Үймээн самуунд хамгийн их өртсөн Алматы хотод л гэхэд нийтдээ бараг 6 удаагийн олныг хамарсан дайралт жагсаал болж, үүнд бараг 20-иод мянган хүн нэгдэн оролцжээ. Ингэхдээ ийнхүү үймээн самуун тарьж, бусдыг турхирч байсан хүмүүсийн дунд казах хэлнээс өөр харь хэлээр хоорондоо ярьж байсан хүмүүс олон байсныг тэмдэглэж байгаа юм. Түүнчлэн магадгүй иргэдийг үймээн самуун, эмх замбараагүй байдалд өдөөхөд Казахстаны тусгай албадын оролцоо нөлөө байхыг ч үгүйсгэхгүй байна.