Засгийн газар

Засгийн газар нийслэлийн утааг бууруулах томоохон зорилт тавьж ажилласны үр дүнд агаарын бохирдол, утааны хэмжээ 50-иас илүү хувиар буурсан. Тэгвэл нийслэлчүүдийг бухимдуулах гол асуудал болсон түгжрэлийг 50 орчим хувиар бууруулах томоохон шийдвэрийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Тодруулбал, хотын А бүсэд хоёрдугаар түвшний тойрог хэлбэртэй хурдны зам барихаас гадна 4,9 км урттай дүүжин тээврийг нэн даруй нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. 

Нийслэлийн автозамын түгжрэлийг 46 хувиар агаарын бохирдлыг 20 хувиар бууруулах тооцоо бүхий хоёр том бүтээн байгуулалт хийх шийдвэрийг засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа гаргалаа. Тэнгэрийн тойрог төслийг 800 сая ам долларын концессийн гэрээгээр хийж хоёр давхар тойрог бүхий хоёрдугаар түвшний хурдны зам барим юм.

Хотын А зэрэглэлийн бүс буюу 100 айлаас Сансарын аюулгүйн тойрог, Зүүн дөрвөн зам, Нарантуул, Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, 120 мянгат, Хан-Уул дүүрэг, Нарны гүүр, Баруун дөрвөн зам, Гэсэр сүм 100 айл гэх чиглэлүүдийг  тойргоор холбосон хоёр давхар гүүрэн зам барихаар ийнхүү шийдвэрлэлээ. Гүүрэн замын өндөр 6-12 метр, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ зам байхаар тооцжээ. Үүнээс гадна автомашины тоо хэт өндөр нийслэлийн замын ачааллыг бууруулах дараагийн томоохон бүтээн байгууллат дүүжин тээвэр гэдгийг салбарын сайд онцоллоо.

Дүүжин тээврийг Баянхошууны тойрог, Ханын материал, Гэмтлийн эмнэлэг чиглэлд 4.9 км урттай гурван зогсоолтой барихаар төлөвлөж дээрх замыг 16 минутад туулахаар тооцсон байна . Мөн Долоон буудал дарь эх, Сансарын тойрог чиглэлд 5,4 км урттай мөн гурван зогсоолтой байхаар төлөвлөсөн байна. Нэг дүүжин тээвэр 8-10 хүний багтаамжтай байх юм.