Засгийн газар

Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барихаар боллоо. Энэ чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албаныханд өгсөн байна. Ингэснээр 1500 орчим ажлын байр бий болж шахмал түлшний нийлүүлэлт нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Үйлдвэрийн барилгын ажлыг хавраас эхлүүлэхээр төлөвлөжээ.  

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хоёр дахь ээлжийг БЗД-ийн нутаг дэвсгэр Амгалан орчимд барихаар яригдаж байсан. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нисйлэлийн Налайх дүүрэгт барих чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс холбогдох хүмүүст өгчээ.

1500 ОРЧИМ АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО

Одоогийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр хоногт 3 мянган тонныг үйлдвэрлэдэг. Хоёр дахь ээлжийн үйлдвэр ашиглалтад орсоноор хоногт 6 мянган тонныг үйлдвэрлэж, Улаанбаатар хот сайжруулсан шахмал түлшний ямар нэгэн гачигдал үүсэхгүй болох юм. Мөн сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдол 40-50 хувь буурсан гэж үзэж байгаа. Цаашид  нэмэлт үйлдвэр Налайх дүүрэгт ашиглалтад орсноор Налайх дүүрэг болон хотын агаарын бохирдол өвөлдөө 70-80 болтол буурна гэж тооцоолж байна.