Омикрон вирусний халдварын улмаас Зул сарын баярын агаарын нислэгүүд цуцлагджээ

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ-ын мэдээллээр өнөөдрийн байдлаар дэлхийн даяар 280 сая орчим хүн COVID-19 цар тахлын халдвар авч, 5 сая 400 мянган хүн нас баржээ. Цар тахлын нөхцөл байдал улс орнуудад ковидын шинэ хувилбар болох омикрон вирус дэгдсэнээс шалтгаалан хүндэрч, улмаар зул сар, шинэ жилийн баярын өмнө агаарын тээврийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлжээ. 

Зул сарын баярын амралтын өдрүүдэд жирийн үед агаарын тээвэр хамгийн их ачаалалтай байдаг ч энэ жил цар тахлын дэгдэлтээс шалтгаалан хоёр дахь жилээ дараалан сул зогсолттой байна. Улс орнууд омикрон вирусний халдвараас эмээн, хилээ хааж, гаднаас зорчин ирэгсдийг хүлээн авахгүй байгаа нь агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж, өнөөдрийн байдлаар бараг 4,300 гаруй нислэг цуцлагдаад байна.

Олон улсын агаарын нислэгийн хуваарийг хянадаг FlightAware цахим хуудасны мэдээлж байгаагаар омикрон вирустэй холбоотой сул зогсолт Европын Люфтханза, Дельта Эйрлайнз мөн Америкийн Юнайтед Эйрлайнз компаниуд COVID-19 коронавирусний халдвартай холбоотойгоор нисэгч, агаарын бүхээгний үйлчлэгч гэхчлэн ажилтнуудын хомдолд орсноос шалтгаалан 280 гаруй нислэгээ цуцлахад хүрсэн байна. Омикрон вирусний халдвар эрчтэй тархаж байгаагаас шалтгаалан нисэх багийн бүрэлдэхүүнээс халдвар авах тохиолдол өндөр байгаа нь ажилтнууд дутагдалтай болоход нөлөөлжээ. Зул сарын баярын өмнөх өдөр дэлхийн агаарын тээвэрлэгчид 2,300 гаруй нислэгээ цуцалжээ.