Засгийн газар

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдлийн үнэлгээгээр манай улсад коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл МАШ ӨНДӨР, тархах эрсдэл ӨНДӨР гэж үнэлэгдээд байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Мөн улсын хэмжээнд 771,805 хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байгааг хуралдаанын үеэр Эрүүл мэндийн сайд танилцууллаа. Өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа манай улсын хувьд хяналт шалгалтаа чангатгаж, иргэний үүргээ биелүүлээгүй, тавьсан шаардлагыг санаатайгаар биелүүлээгүй тохиолдолд хатуу хариуцлага тооцохыг ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комисст даалгалаа. 

Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлээд байна. Тус санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис худалан авах, эм эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулахаар төлөвлөөд байна.