Нийслэлээс олгодог 74 зөвшөөрлийг цуцалсан ч улсын хэмжээнд олгож байгаа 900 гаруй зөвшөөрөл байна 

Нийгэм

Шинэ оны эхнээс Улаанбаатар хотод 74 чиглэлийн үйл ажиллагаа явуулах бол ямар нэгэн тусгай зөвшөөрөл, гарын үсэг цуглуулах шаардлагагүй болж байна. Энэ бүх ажлын ард үргэлж авлига, хүнд суртал дагадаг байсныг судалгаагаар бүрэн нотолдог. Тэгвэл нийслэлээс гаргасан энэ шийдвэрийг бүрэн төгс хэрэгжүүлэхэд зөвшөөрлийн тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэйг бизнес эрхлэгчдийн төв байгууллагаас сануулж байна.

Өчигдөр нийслэлийн зүгээс олгодог 74 төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаагаа хотын удирдлага зарлаж иргэдийг хөдөлмөрлөх боломжоор хангахын тулд цаашид илүү уян хатан бодлого баримтлахаа илэрхийлсэн. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 15 мянган иргэн аж ахуй нэгж ямар нэг хүнд суртал дарамтгүйгээр шинээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдээд байна.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хоёр жил тутамд бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл, хүнд суртал, аж ахуй нэгжүүдийн нөхцөл байдлыг үнэлэх судалгаа явуулахад нийслэл хотод тусгай зөвшөөрөл дагасан хүнд суртал хамгийн их байдаг бол хөдөө орон нутагт харьцангүй бага гэсэн дүн гардаг байна. Тиймдээ ч нийслэлээс олгодог тодорхой зөвшөөрлүүд багассан нь маш зөв шийдэл болсныг хэллээ. 

О. Амартүвшин: Нийслэлийн удирдлагаас гаргасан шийдвэр маш зөв шийдэл болсон 

Одоо олгож байгаа зөвшөөрлийг гурав дахин цөөлөх хууль дөрөв дэх жилдээ хүлээгдэж байна.

 

Тэгвэл нийслэлээс цуцалсан дээрх 74 зөвшөөрлөөс гадна улсын хэмжээнд засгийн газрын түвшинд олгодог 900 гаруй зөвшөөрөл байна. Зөвшөөрөл олгох нэрээр хэн нэг хурдан дарга гарын үсгээ үнэлэж үүний цаана авлига цэгцэлсээр байгааг УИХ-ын зарим гишүүд хэлдэг.

УИХ-ын нэр бүхий гишүүд зөвшөөрлийн тоог хоёр дахин цөөлөх хуулийн төсөл өргөн барьсан ч оны дараа гэхэд дээрх төсөл 4 дэх жилдээ хэлэлцүүлгээ хүлээх гэж байгааг онцолж байсан юм.

Улсын хэмжээнд олгож байгаа 900 гаруй тусгай зөвшөөрлийг цөөлөх хуулийг нэн нэргүүн хэлэлцэх хэрэгцээ байгааг бизнес эрхлэгчдийн төлөөлөл ч онцолж байна. Одоо олгож байгаа зөвшөөрлийг 300-400 болгон цөөлөх нь төрийн хүнд суртлыг арилгах маш том хөшүүрэг гэдгийг онцоллоо.

Төр нь иргэнээ халамжаар угжих биш хөдөлмөр эрхлэх боломжоор хангахын тулд тусгай зөвшөөрөл дагасан хүнд суртлыг арилгах нь нэн чухлыг ийнхүү хэлж байна. Тиймээс эрх баригчид зөвшөөрлийн хуулийг нэн даруй хэлэлцэн тоог нь цөөлөх нь өнөөгийн нөхцөлд зөв шийдэл гэдгийг хэллээ.