Израилийн Ерөнхий сайд Персийн булангийн оронд анхны түүхэн айлчлал хийж байна

Улс төр

Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет Булангийн улс орнуудыг зорьж, Арабын Нэгдсэн Эмиратад албаны айлчлал хийж байна.

Түүний энэ айлчлалыг Израилийн засгийн газрын тэргүүн Персийн булангийн оронд- Арабын улс оронд хийж байгаа анхны түүхэн айлчлал гэж нэрийдээд байна. 

Израилийн ерөнхий сайд Нафтали Беннет айлчлалынхаа үеэр Абу Дабигийн үе залгамжилсан хунтайж шейх Мохаммед бен Заид аль Нахайянтай нүүр тулсан уулзах юм.

Арабын Нэгдсэн Эмиратыг зорихоосоо өмнө Израилийн ерөнхий сайд түүний айлчлалын гол зорилго нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, харилцаагаа тэлэх явдал гэж тодорхойлжээ.

2020 оны 9-р сард Вашингтонд Израилийн тал Америкийн зуучлал дор Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, мөн Судан, Марокко зэрэг орнуудтай харилцаагаа тэлж, дипломат харилцаагаа сэргээсэн юм.

Үүнээс өмнө Израиль улс Арабын орнуудаас зөвхөн Египт, Иорданитай дипломат харилцаатай байжээ.