Япон Улс Epsilon сансрын пуужин зөөгч хөлөг амжилттай хөөргөлөө

Технологи-360

Япон Улс Эпсилон сансрын пуужин зөөгч хөлгөө амжилттай хөөргөжээ. 

Эпсилон хөлгөөр Японы сансрын агентлаг Вьетнамын Нано-Дрэгон хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргажээ. 

Вьетнамын Нано-Дрэгон хиймэл дагуул нь далайн тэнгисийн үйл хөдлөл, хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хянах автомат сигнал хүлээн авах системийн зориулалтаар ашиглагдах юм.

Япон улсын сансрын хөлгөөр дэлхийн тойрог замд нийтдээ 9 хиймэл дагуул хөөргөж байгаагийн нэг нь Нано-Дрэгон юм. Сансрын пуужин зөөгч хөлгийг хөөргөх үйл явцыг Японы сансрын судалгааны агентлаг шууд дамжуулан үзүүлжээ.

Сансрын хөлгийг Японы Кагошима мужийн Утиноура сансрын нислэгийн төвөөс хөөргөсөн байна. Эпсилон хөлгийг хөөргөх үйл явц радио локацийн тоног төхөөрөмжтэй холбоотой техникийн асуудал болоод цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан хоёр удаа хойшлогджээ.

Эпсилон-5 сансрын хөлгөөр Вьетнамын хиймэл дагуулаас гадна Японы 8 жижиг оврын хиймэл дагуулыг мөн хөөргөсөн юм. Япон улс хүнд түлшний гурван шатлал бүхий Эпсилон пуужин зөөгч хөлгөө 2013 оноос эхлэн жижиг оврын хиймэл дагуул хөөргөхөд ашигласаар иржээ.