Засгийн газар

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөрийтэй тоглоом тоглосон зарим төрийн албан хаагчдад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Манай улсад мөрийтэй тоглоом тоглосон хүмүүст хүлээлгэх хуулийн хариуцлага тийм ч тодорхой биш. Тиймээс мөрийтэй тоглоом болоод ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой зохицуулалтыг илүү нарийвчилж холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар боллоо. Мөн төрийн албан хаагч нарыг цалингаасаа үнэтэй бэлэг авдаг байдлыг хориглолоо.

Засгийн газраас 2 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ёндонгийн Бат-Эрдэнэ болон Монголын иргэний агаарын тээвэр компанийн Сөүл дэхь төлөөлөгчийн газрын ажилтан Баатарцогт нар мөрийтэй тоглосон нь баримтаар нотлогджээ. Тиймээс Сангийн сайд болон Зам тээврийн хөгжлийн сайд нарт эдгээр албан тушаалтнуудыг чөлөөлөх үүрэг өглөө.

ЗГ: ЁС ЗҮЙ АЛДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛДӨГ ТОГТОЛЦООГ ХУУЛЬЧИЛНА

Дахиад 10 орчим хүн гадаад улсад мөрийтэй тоглосон байж болзошгүй мэдээлэл Засгийн газарт байгаа гэнэ. Хэрэв нотлогдвол дахиад ч хүмүүс ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргана гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцоллоо. Цаашид төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг өөрчилж холбогдох хуульд өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ. Мөн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой зүйл заалтыг боловсронгуй болгон гэсэн юм.

Өндөр хөгжилтэй орнууд бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдлыг хуулиндаа нарийн тусгаж холбогдох хариуцлагыг чанга тусгадаг. Харин манай улсын эрүүгийн болоод бусад хуульд энэ төрлийн зохицуулалт дутмаг байдаг. Тиймээс засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар ажиллахаа ийнхүү хэллээ.