Засгийн газар

 Хотын Захирагч С.Амарсайханы урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Явуулын ажлын байранд урилгаар зочилж, Баянзүрхийн шинэ гүүрнээс Төрийн ордон хүртэл хамтдаа зорчлоо. Энэ үеэр дэд бүтэц, бүтээн байгуулалт, шахмал түлшний талаар саналаа солилцсон байна.  

Ерөнхий сайдыг нийслэлийн засаг даргын тамгын газрын явуулын ажлын байраар зочлохдоо сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар санал солилцож, ярилцлаа. “Түлшний түгээлт жигдрэх шатандаа орсон. Айл өрхүүд ч хэрэглээндээ хэвшиж байна гэж үзэж байгаа. Борлуулалтын цэгүүдээ нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Мөн хяналтын цэгүүд ажиллаж, түүхий нүүрс нэвтрүүлэх, борлуулахгүй байхад хяналт тавьж ажиллаж байгаа. Агентлагуудын удирдлагуудаас бүрдсэн 24 цагийн штаб байгуулсан. Дүүргүүд дэх бөөний цэгүүддээ савлалт мөн хийж байна” гэсэн мэдээллийг Хотын Захирагч С.Амарсайхан өглөө.

Мөн айлуудад суурилуулах утаа мэдрэгчийн асуудлыг маш сайн судалж, аль нь илүү давуу тал, боломж бололцоотойг харж, харьцуулалт туршилтыг хийж, энэ сардаа багтаагаад иргэдэд хүргэхээр ажиллаж байна гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаанбаатар хотод утааны байдал багасаж, түлшний чанар сайжирч, хүмүүс сайн түлш гэдгийг нь ойлгож мэдэрч эхэлж байна. Огт хэрэглэж хэвшээгүй шинэ зүйлийг хэвшүүлэхэд мэдээж тодорхой хэмжээний цаг хугацаа шаардана. Тиймээс түлшний хэрэглээний талаарх урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч ажиллах хэрэгтэй гэв. Мөн хотын даргын явуулын ажлын байрыг цаг хугацааг хэмнэн, ажлаа хурдан шуурхай хийх боломжийг бүрдүүлсэн байна гэж сайшаалаа.