Засгийн газар

Засгийн газраас ирэх оны улсын төсвийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Ирэх оны төсвийн гол онцлог нь манай улс түүхэндээ анх удаа бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө оруулалтыг өндөр тавьж өгсөн гэдгийг Сангийн сайд онцолж байсан юм. Гэвч улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хувиарлахдаа Хэнтий аймагт хэт өндөр төсөв тавьсан нь шүүмжлэл дагуулж эхэлсэн. Харин энэ асуудалд Сангийн сайд Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгон томоохон бүтээн байгуулалтуудыг хийж байгаатай холбоотой гэж тайлбарлалаа. 

Манай улсын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх шаардлага үүсч байгаа. 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 766.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийж байсан бол 2019 онд 1 их наяд 698 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг юм. Харин ирэх онд түүхэндээ хамгийн өндөр буюу 2 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгасан. Хөрөнгө оруулалтын хэмжээг аймгуудад хэрхэн хувиарласныг нарийвчлан авч үзвэл Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 131 тэрбум 904 сая төгтөг хувиарлагдсан байгаа юм. Энэ асуудлыг цахим орчин зарим мэдээллийн хэрэгслээр улстөржүүлэх өнгө аяс илэрч Ерөнхий сайдтай холбох болсон. Харин энэ нь тус аймгийг аялал жуулчлалын бүс болгон зарлаж томоохон бүтээн байгуулалтуудыг хийж байгаатай холбоотойг Сангийн сайд тайлбарлалаа.

2017-2020 оны хооронд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 232 цэцэрлэг, 156 сургууль, 92 эмнэлэг зэрэг нийгмийн салбарын 601 объект бүрэн ашиглалтад орно. Тиймээс хүн амын хэрэгцээ шаардлагад үндэслэн ирэх оны төсвийг боловсруулахдаа бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийг түлхүү тусгах нь зүйтэй гэж засгийн газар үзэж байгааг хэллээ.

Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарлаж томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхээс гадна нийслэл хотод томоохон гурван бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилт тавиад байгаа. Ирэх онд байгалийн түүхийн музейн барилгад 31.9 тэрбум, Чингис хааны музейн барилгад 53 тэрбум, Үндэсний урлагийн их театрын барилгад 30 тэрбум төгргийн хөрөнгө оруулалт тусгахаар төлөвлөөд байгаа юм.