Засгийн газар

Өнөөдрийн засгийн газрын хуралдааны шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Засгийн газраас Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч дохиоллын төхөөрөмжийг үнэ төлбөргүй тараах шийдвэр гаргасан байна. Учир нь шахмал түлш хэрэглэж угаартсан айл өрхүүдийн дийлэнх нь ханан пийшин буюу өөрсдөө тоосгоор өрсөн битүүмжлэл муутай пийшинтэй байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Пийшингийн битүүмжлэл муугаас угаарын хий ялгарч иргэд хордох нэг шалтгаан болсон гэж тайлбарлалаа.  

Шахмал түлш нь ханын пийшин болоод уламжлалт зуухтай айлд таарахгүй, хэрэглэж болохгүй гэх мэдээлэл гарах болсон. Харин түлшийг үйлдвэрлэхдээ БНСУ д шинжлүүлж байсныг албаны хүн хэллээ. Энэ үеэр зуух голохгүй тул төслийн болоод уламжлалт зуухны аль алинд нь галлах боломжтойг хэлж байсан байна. Тэгвэл угаарт хордсон иргэдийн гэрт шалгалт хийхэд дийлэнх нь ханын пийшин уламжлалт зуухтай байсан гэдгийг албаныхан хэлж байгаа. Үүний шалтгаан нь пийшин болоод зуухны битүүмжлэл муугаас угаарын хий ялгарч иргэдийг хордуулах нөхцөл болж байгааг байгаль орчны сайд хэлж байна.

Нүүрс түлэхэд битүүмжлэл муутай ханын пийшин, зуухнаас утаа гардаг. Энэ үед иргэд цонхоо онгойлгож агаарын солилцоо явуулахаас гадна утаа гарч байгаа хэсгийг юмаар таглах зэрэг арга хэмжээ авдаг юм. Харин сайжруулсан түлшнээс утаа ялгарч харагдахгүй ч угаарын хий гардаг байна. Угаарын хий их бага хэмжээгээр ялгарсан орчинд хүн хоёр цаг байхад л үхэлд хүргэх аюултай гэлээ. Тиймээс иргэд дор бүрнээ хариуцлагатай байж пийшин болоод зуухны битүүмжлэлээ сайжруулах хэрэгтэйг санууллаа.

Уламжлалт зуухыг бодвол төслийн зуух нь битүүмжлэл сайтай тул угаартах тохиолдол бага байгааг хэллээ. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын айл өрхүүдийн 49 хувьд нь шалгалт хийж зуухны төрөл пийшингийн битүүмжлэлийг шалган шахмал түлшний хэрэглээ, зөв галлах зааварчилгааг тараан ажиллаж байгаа юм.

 ФЭЙСБҮҮК ШУУД