Улсын Их хурал

Дэлхийн топ 10 төслийн тоонд багтах Оюу толгойн гэрээг өнгөрсөн парламентын үед шалгасан. Монгол Улсад ашиг биш өр үлдэх учраас яаралтай өөрчлөх шаардлагатай гэсэн дүгнэлт гараад байгаа юм. Мөн татвартай холбоотой асуудал үүсч олон улсын арбитрын шүүх дээр ч очоод байна. Тэгвэл эдгээр асуудал бүрэн шийдэгдэх хүртэл 4-5 жил шаардагдана гэдгийг Улсын их хурлын гишүүд хэлж байна. Тийм учраас ирэх долоо хоногт засгийн газраас бүрэн мэдээлэл авч нухацтай хэлэлцэнэ гэдгийг Их хурлын дарга онцоллоо.

Өнгөрсөн парламент Оюутолгойн гэрээнд шалгалт хийх ажлын хэсэг байгуулж шалгалт хийсэн. Улмаар гэрээнд нэн даруй өөрчлөлт оруулахгүй бол Монгол Улс асар их өрөнд ороод зогсохгүй хор хохирол ихтэй үлдэнэ гэх дүгнэлт гарсан. Энэ хүрээнд Оюутолгой компанитай хэлэлцээр хийх асуудал шинэ засгийн газар дамжин яригдаж байгаа ч ажил дорвитой явахгүй байгааг гишүүд шүүмжиллээ.

Харин Оюутолгойн гадаад удирдлагууд солигдож зарим нь АНУ ын шүүхэд яллагдагчаар татагдахаас эхлээд олон асуудал үүссэн тул хэлэлцээр дөрөвдүгээр сараас наашгүй гэлээ.

Уг нь бол засгийн газар боломжит бүхий л түвшинд шахаж ажиллаж байгаа ч дэлхийн хэмжээний төсөл тул ажил хурдан явахгүйг тэрээр тайлбарлалаа. Үүнээс гадна Оюутолгой компани татвараа бүрэн төлөөгүй тул акт тавьсан ч татварын актаа хүлээн зөвшөөрөлгүй засгийн газрыг шүүхэд өгсөн. Тэгвэл олон улсын арбитрын шүүх дээр очсон татварын маргаан шийдэгдтэл 1.5 жил шаардлагатайг хэлж байна.

ОЮУТОЛГОЙН АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗРААС УИХ-ЫН ГИШҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

Оюутолгой компанид Монголын талыг төлөөлж гурван гишүүн суудаг. Тус гурван гишүүний хоёрыг өчигдөр засгийн газар шинэчилсэн. Ерөнхийлөгч асан Н.Багабанди ТУЗ-ийн гишүүнээр үлдсэн бол хоёр шинэ гишүүн мэргэжлийн хүмүүс гэдгийг хэлж байна.

Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал нэн тэргүүнийх ч гишүүдийн бодож байгаа шиг амар ажил биш гэдгийг хэлж байна. Үүнээс гадна гишүүд Оюутолгой төсөлтэй холбоотой хангалттай мэдээлэл байхгүй байгаа тул засгийн газар нээлттэй эсвэл хаалттай горимоор танилцуулахад бэлэн гэлээ. Улмаар ирэх долоо хоногт уг асуудлыг засгийн газрын мэдээллийн цагаар сонсох нь зүйтэйг УИХ-ын дарга хэлсэн юм.