Улсын Их хурал

Улсын их хурал найман байнгын хороотой. Тэгвэл шинэ парламент дахин гурван байнгын хороо нэмж 11 болгож байна. Үүнд Улсын их хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, инновац цахим бодлогын байнгын хороо, үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог шинээр байгууллаа. Мөн нэг байнгын хороонд 10-11 гишүүн харъяалагдаж ажиллах юм. Ингэснээр нэг байнгын хороо тодорхой цөөн асуудалд анхаарал хандуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэж тангараг өргөсөн. Харин тангаргаа зөрчвөл хуулийн хариуцлага хүлээж эгүүлэн татах зохицуулалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүд төрийн бус байгууллага нээж тэргүүнээр нь ажилладаг, бөхийн болоод морин холбоо зэрэгт харъяалагдах нь хуульд харшлах нөхцөл үүссэн. Уг харилцааг хэрхэн зохицуулах асуудлыг чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай хуулийг хэлэлцэх үеэр гишүүд хөндлөө.

УИХ-ын гишүүний албан үүрэгт огт хамааралгүй дээрх асуудалд шинээр байгуулах Ёс зүйн байнгын хороо хяналт тавин ажиллана гэлээ. Хууль тогтоох дээд байгууллагын үндсэн чиг үүрэг нь хууль санаачлан хуулийн хэрэгжилтийг хангуулах учиртай. Тиймээс хууль тогтоогчид нь өөрсдөө хуулиас гадуур ажиллаж болохгүй УИХ-ын дарга онцолсон юм.

УИХ-ЫН ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ШИНЭЭР БАЙГУУЛЛАА

УИХ нь найман байнгын хороотой үйл ажиллагаа явуулах зохицуулалттай. Тэгвэл өнөөдөр нэр бүхий гишүүд гурван байнгын хороо шинээр байгуулах төсөл өргөн барьсан. Үүнд: УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороодыг шинээр байгуулахаар болж анхны хэлэлцүүлгээр нь хуулийн төслийг баталлаа.
Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороо нь УИХ-ын гишүүдээс гадна, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомж, шийдвэр төслийг боловсруулан батлуулах, бодлого боловсруулах чиг үүрэгтэй ажиллана.

Харин Аюулгүй байдлал, гадаад бодлогын байнгын хороо болон эдийн засгийн байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салган Инновац, цахим бодлогын байнгын хороонд хариуцууллаа. Тэгвэл үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын зарим чиг үүргийг хариуцуулж хөнгөн ба хүнд үйлдвэрийг дэмжиж экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм байна.

Байнгын хороо нь 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасныг өөрчилж, 11- 15 гишүүнтэй байхаар тусгалаа.