Улсын Их хурал

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын улс төрийн мөнхийн сэдэв болоод 10 гаруй жил өнгөрч байна. Шинээр бүрэлдсэн парламентын зарим гишүүд ч анхны хуралдаанаасаа эхлээд энэ асуудлыг хөндөж эхэллээ. Гэрээг бүрэн цуцлах, эсхүл шууд өөрчлөх боломж тэр бүр байхгүй. Харин ажлын хэсэг байгуулж сайжруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх анхаарч байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Оюун-Эрдэнэ хэллээ.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ хууль зөрчсөн байж болзошгүй хэрэгт Сангийн сайд асан С.Баярцогт, далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулж Эрдэнэс Оюутолгой компанийн захирал асан Да.Ганболд, Эрдэнэс Монгол компанийн захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарын гэм буруугийн шүүх хурал болж байгаа. Тэгвэл тэднийг шүүж байгаа гол шалтгаан болсон Оюутолгойн гэрээгээр Монгол Улсын эрх ашиг зөрчигдсөн олон зүйл заалт орсныг өнгөрсөн парламент ажлын хэсэг гарган шалгаж тогтоосон байдаг. Улмаар засгийн газар Оюутолгой төслийг сайжруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ч дэлхийн хэмжээний том төслийг засаж сайжруулахад цаг хугацаа их орно гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.

Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлж гэрээг сайжруулах ажлын хэсэгт УУХҮЯ, БОАЖЯ, Сангийн яам, ТЕГ болон хууль хяналтын төлөөлөл багтаж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ахлан ажиллаж байна. Гэрээг шууд цуцлах асуудлыг зарим хүмүүс хөнддөг ч энэ нь өнөөгийн нөхцөлд боломжгүйг тэрээр онцоллоо. Учир нь Оюутолгой төсөлд дэлхийн хэмжээний 23 компани хөрөнгө оруулалт хийсэн байгааг хэллээ. Гэхдээ ирэх дөрвөн жилд Оюутолгойн үр ашгийг илүү сайжруулан шийдвэрлэнэ гэдгийг онцолсон юм.

Өнөөдрийн байдлаар Рио тинто компанийг олон улсын Арбитрын шүүхэд өгсөн байгааг тэрээр хэллээ. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон, далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ болон дагалдах бүхий л гэрээнд Европын холбооны томоохон байгууллагаар үнэлгээ хийлгэж байгаа юм байна.