Улсын Их хурал

Ирэх дөрвөн жил ажиллах Монгол Улсын засгийн газрын бүтцийг Улсын их хурал хэлэлцэн баталж дууслаа. Өмнөх засгийн газрын бүтэц дээр Соёлын яам нэмэгдэж бусад нь хэвээрээ үлдэж байна. Ингэснээр 14 яам, 17 сайдтайгаар Монгол Улсын засгийн газар үйл ажиллагаагаа явуулах юм. Өнөөдөр яамд болон сайд нарын эрхлэх асуудлуудыг тодорхой болгож баталлаа.

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлэх засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6 яам, чиглэлийн найман яам буюу нийт 14 яамтай ажиллана. Харин бүрэлдэхүүний тухайд Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 сайд багтсанаар нийт 17 гишүүнтэй ажиллахаар хуулийн төслийг УИХ-д танилцуулсан. УИХ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг яаралтай горимд хэлэлцсэн юм. Улмаар нийт гишүүдийн олонхийн саналаар анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг хоёр хуваан Соёлын яамыг шинээр байгуулж байгаатай холбоотой нийтийн Биеийн тамир, спортын улсын хороо байгуулж Ерөнхий сайдын эрхлэх асуудалд багтаахаар шийдвэрлэлээ. Харин хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадны хөрөнгө оруулалт, концесс, харилцаа холбоо мэдээллийн технологи, засгийн газрын дотоод асуудал шийдвэрийн биелэлт, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, засаг даргын үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангах гээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээ нэмэгдэж байна.

Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яамдад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам , Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдууд багтаж байна. Харин Барилга, хот байгуулалтын яам , Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам , Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам , Эрчим хүчний яам , Эрүүл мэндийн яамдууд чиглэлийн яам байхаар шийдвэрлэлээ. Шинэ засгийн газар энэ онд агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах зорилт тавьсан тул 14 яамны эрхлэх асуудалд агаарын бохирдлыг бууруулах чиг үүргийг тусгасан байна.